Иргэдэд “итгэлийн зээл” олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/. Иргэдийг хөдөлмөрт бэлтгэх, ажилд зуучлах, мэргэжлийн ур чадвар олгох, ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийн хүрээнд иргэдэд “Итгэлийн зээл” олгоно.
Ингэснээр өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ, жижиг худалдаа эрхлэгчдэд зориулсан стандартын худалдааны цэгүүдийг бий болгосноор ажлын байр нэмэгдэнэ гэж Орхон аймгийн удирдлагууд үзэж байна. Энэхүү асуудлыг өнгөрсөн баасан гарагт болсон Орхон аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэв.
Өнөөдөр Орхон аймагт 1147 өрхийн 2314 иргэн ажилгүй байна. Иймд өрх бүрийн нэг гишүүнийг ажлын байраар хангах нь “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийн зорилт юм. Уг хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллагууд сул чөлөөтэй ажлын байрны мэдээллээ тогтмол түгээх, гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажил хийгдэх бөгөөд санхүүжилтийг жил бүр орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлнэ.
М.Одгэрэл