Манай дугуйчид Бахрейнд тивийн аваргын төлөө уралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын дугуйчид Бахрейн улсад энэ сарын 25-нд эхлэх дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хурд, хүчээ сорин уралдана.
Манай тамирчид бөөн гараа, цуваа гараа, багийн цуваа гэсэн төрөлд оролцоно. Монголын дугуйн холбооны тамирчид БНХАУ-ын Юньнань мужын Жинчуанд нэгдсэн бэлтгэлд гараад байгаа юм.
Өнгөрсөн оны ханан дугуйн дэлхийн залуучуудын аварга, ОУХМ Б.Тэгшбаяр, 2016 оны Азийн оюутны АШТ-ий бөөн гарааны мөнгөн медальт ОУХМ С.Жамбалжамц, 2013 оны Зүүн Азийн наадмын бөөн гараат уралдааны мөнгөн медальт ОУХМ А.Алтансүх, ОУХМ Э.Мөнхтулга, Т.Төгөлдөр тэргүүтэй өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн 18 тамирчин Р.Баасанцэрэн дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэлээ базааж байна. Энэ нэгдсэн бэлтгэлийг МҮОХ болон Хятадын ҮОХ-ны хамтын ажиллагааны хүрээнд зохиож байна. Өчигдөр манай баг тамирчид 150 км замыг зогсолтгүй туулж бэлтгэлээ базаажээ.
Д.Өлзий