Дюссельдорфын Гран при-гээс жүдочид алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. "Дюссельдорф Гран при-2017" тэмцээнд хүч, ур чадвараа сорьж байгаа манай жүдочдоос Г.Болдбаатар алт, Д.Сумъяа мөнгө, Б.Амартүвшин хүрэл медалийн эзэд болов.
Энэ сарын 24-26-нд олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулж буй тус тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг жингийн барилдаан болж, шилдгүүдээ тодруулав. Манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 57 кг-д олимп, дэлхийн медальт МУГТ Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр А хэсгийг тэргүүлэн барилдаж, эхний тойрогтоо гоц мөргөсөн бол хоёрдугаар тойрогт Бразилийн бөхийг ялсан байна. Улмаар хэсгийн аваргын төлөө Францын Присилья Гнетог цэвэр ялж, хагас шигшээд аварга Японы Наэ Удакаг торгуулиар дийлжээ. Алтан медалийн төлөөх барилдаанд Европын залуучуудын аварга Германы Тресса Столлтой хүч үзэж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялагдаж мөнгөн медаль хүртсэн байна.
Харин эрэгтэй жүдочдын 60 кг-д гавьяат тамирчин Г.Болдбаатар алт, гавьяат тамирчин Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ. Г.Болдбаатар В хэсгийг тэргүүлэн барилдаж, эхний тойрогтоо гоц мөргөсөн бол хоёрдугаар тойрогт эзэн орны бөхийг 2 вазари үнэлгээгээр ялж, хэсгийн аваргын төлөө Францын Валид Кхяртай таарсан ч өрсөлдөгч нь хутгах мэх хийх үед хөлөө гэмтээснээр барилдааныг үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Улмаар хагас шигшээд Бразилийн Фелипе Пелимийг нэмэлт цагт вазари үнэлгээ авснаар ялж, аваргын төлөө Гүржийн А.Папинашвилиг вазари үнэлгээгээр ялж, алтан медаль хүртэв.
Д.Өлзий