Э.Дуламдари:Праник эмчилгээ хил хязгаарыг үл хамаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-10-20 17:21:05

Дэлхий нийтээр эмгүй эмчилгээг шүтэх болсон энэ үед Праник эмчилгээг Монголд нэвтрүүлж буй сэтгэл зүйч Э.Дуламдаритай уулзаж ярилцав.

Тэрбээр АНУ-д сэтгэл зүйн мэргэжлээр докторын зэрэг хамгаалсан. Өмнө нь Рэйки энергийн эмчилгээний чиглэлээр багшилж байсан бөгөөд 6 жилийн өмнөөс Праник эмчилгээг хийж эхэлжээ.

-Праник эмчилгээ гэж чухам юуг хэлээд байна вэ энэ талаар тодруулахгүй юу?

-Праник эмчилгээ гэдэг бол биоэнергийн эмчилгээний нэг чиглэл. Чоа Кок Суй хэмээх грандмастер багшийн боловсруулж, дэлхий даяар дэлгэрүүлсэн сургууль юм. Хүний энергийн бие бохирдох буюу бөглөрснөөс ямар нэг өвчин үүсдэг. Праник эмчилгээ нь биеийн аль хэсэгт энергийн бохирдол үүссэнийг оношилж  цэвэрлэдэг гэж ойлгож болно. Цэвэрлэгдсэн энергийн урсгал чөлөөтэй болно биз дээ. Биеийн зарим хэсэгт энерги дутах тохиолдолд энерги өгч болдог. Праник эмчилгээг шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнтэйг нь  дэлхийн хүн зон мэдрээд энэ эмчилгээ рүү хошуурч байна.

Дэлхийн 120 гаруй оронд праник эмчилгээ тархсан. Чоа Кок Суй Багшийн “Праник эмчилгээний гайхамшиг” хэмээх ном нь 30 гаруй хэлээр орчуулагдсан.

АНУ-д оршин суудаг гэр бүлийн Балдандорж, Мөнхцэцэг нар энэхүү эмчилгээг эх орондоо оруулахаар хувиасаа хандив өргөж ном, CD-г анх удаа монгол хэлээр хэвлүүлсэн. Үүнээс Монголчууд маань яагаад хоцрох гэж. Тийм болохоор анх удаа бид эх орондоо энэ эмчилгээг дэлгэрүүлэхийг зорьж байна.

-Энергийн гол цөм хаана байна вэ, Хүн энергийг хаанаас авч болох вэ?

-Ер нь хүн байгаль эхээс, тухайлбал  хөрс, ус, агаар орчин, нарнаас  эрчим хүч авдаг. Шашин шүтлэгтэй хүн бол энергийг бурхнаас авдаг ч гэж үздэг. 

-Та жишээ татаж хэлэхгүй юу. Праник эмчилгээгээр өвчин эмгэг нь илааршсан тохиолдлуудын талаар мөн ямар өвчнийг анагаах чадалтай вэ, эмчилж чадахгүй өвчин гэж байна уу?

-Хорт хавдар, цусны даралт, сэтгэл гутрал, нуруу нугас, гэдэс дотор гээд тоочоод байх юм бол бүхий л өвчнийг праник эмчилгээгээр эдгээх боломжтой.

Энергийн бүрхүүл гэмтэхээр сэтгэлзүйд асуудал үүсдэг. Түүнийгээ засахгүй, эмчлэхгүй явсаар бие махбодийн өвчин болж хувирдаг.

Би одоогоор 600 орчим хүнд эмчилгээ хийсэн. Эмчлэгдэхгүй өвчин гэж байдаггүй, эмчлэгдэхгүй хүн гэж бий.Тухайн хүний хувь тавилан гэж нэг юм байна шүү дээ. Тэгээд  итгэл үнэмшил, нөгөө л зөв сайхан сэтгэл, зөв амьдрал нөлөөлдөг. Хэрвээ эмчлэгдэх тавилантай хүн бол архаг өвчин ч бай, хорт хавдар ч бай эмчлэгддэг.Хорт хавдар, элдэв хүнд өвчин тусаад праник эмчилгээгээр эмчлэгдэж эрүүл болсон түүх олон бий. “Праник эмчилгээний гайхамшиг” хэмээх номонд эмчилгээний практикт тохиолдсон олон жишээг дурдсан байгаа.

-Эмчилгээний явцын талаар сонирхуулахгүй юу, зайнаас эмчилдэг юмуу, ховсдох  маягаар эмчилдэг үү?

-Зайнаас энерги өгч эмчилдэг.  Бүр холоос ч эмчилгээ хийж болно. Жишээ нь Америкаас Монголд байгаа таныг энергиэр дамжуулж эмчилж болно. Монголоос дэлхийн нөгөө өнцөгт байгаа хүнийг ч эмчилж болно гэсэн үг л дээ.Тухайн хүнийг сэтгэлдээ төсөөлж алсын эмчилгээ хийдэг. Эмчлүүлж буй хүн сайн мэдрэмжтэй бол алсаас эмчилж байгааг мэдэрдэг юм. Тухайлбал, соронзон хүч дараад байгаа ч юм шиг, биеийн энд тэнд халуу оргих зэргээр мэдрэгддэг. Энергийг нь засаад өгөхөөр царай нь туяараад өвчин эмгэг нь илааршиж, хөшсөн газар нь тэнийдэг. Гэхдээ тухайн хүн эмчлүүлье, эдгэрнэ гэсэн эрмэлзэл, сэтгэлтэй бол бүр илүү үр дүнтэй.

-Ямар хугацаанд өвчтэй хүн эмчлэгдэх вэ, эмчилгээний курс гэж байдаг уу?

-Хүн хүнээсээ л шалтгаална.Зарим хүнд шууд өөрчлөлт гарна.Зарим өвчин эмчилгээ түргэн авдаг бол зарим нь урт хугацаагаар эмчлэх шаардлага ч гардаг.

-Праник эмчилгээ Монголд одоогоор хэр олон хүнд хүрч байна вэ. Америкаас багш ирж сургалт явуулна гэсэн үү?

-Дэлхийд праник эмчилгээний 12 мастер багш байдаг. Монголд өнгөрсөн 9 дүгээр сард мастер  Глэн Мeндoза, Марилаг Мeндoза багш нарыг  АНУ-аас урьж сургалт явуулсан. Сургалтад 80 хүн хамарсан. Тэгэхээр Монголд одоо 80 праник эмчлэгч бий гэсэн үг.

Харин ирэх сарын 21, 22-нд уламжлалт эмчилгээний эмч  Жэсон  Калва гэж Праник эмчилгээний Америк багш гэр бүлийн хамт ирж сургалт явуулна. Сургалтыг Багшийн сургуулийн байранд зохион байгуулна. Хоёр өдрийн бүрэн сургалт 210 мянган төгрөгийн үнэтэй. Үүнд ном, CD-ний үнэ багтсан. Аль болох олон хүнийг хамруулах юмсан. Энэ эмчилгээг хүн бүр сурч эцэг, эх, эхнэр, нөхөр, үр хүүхэд, ах дүүсээ аюулт өвчин эмгэгээс хамгаалахад суралцах юм. Тийм ч учраас бид  Монголдоо оруулах гэж зорьж явна. Сургалтад ирснээр өөрөө эмчлүүлэхээс гадна  бясалгал хийхэд суралцах боломжтой. Хөдөө орон нутгаас сонирхож зорьж ирсэн хүмүүс нэлээд байна. Хүн аливааг хийх хүсэл зориг байх юм бол болохгүй, бүтэхгүй зүйл гэж үгүй билээ. Хамгийн гол нь энэ эмчилгээнд нас хүйс, эр, эм, хөгшин залуу ялгахгүй хүн бүр жигд хүртэх боломжтой.

-Энэ сургалт цаашдаа үргэлжлэх үү. Эмчлэгчид шат ахиж зэрэг зиндаа дээшилдэг гэж сонссон?

-Эмчилгээний сургалтад 20 гаруй хичээл заадаг. Хамгийн гоё нь өөрийн гэр бүлээ авраад эмчлээд явах чадалтай болж байгаа юм.Тэгвэл бид чинь хэдэн төгрөгөө бариад хүний нутаг руу гүйгээд байхгүй болно биз дээ. Зөвхөн эмчилгээнээс гадна ажил үйлсээ идэвхжүүлэх, гэр орон, ажлын байрны энергийг цэвэрлэж ч  болно. Праник эмчилгээний хоёр чиглэл байдаг. Нэг нь эмчилгээ, хоёр дахь нь оюун санааны хөгжлийн сургалт. Аль аль нь дотроо хэд хэдэн шаттай.  Анхан шатны сургалтаар өөрийгөө болон бусдыг эмчилж сурна. Алсаас эмчлэхийг ч заана. Дараагийн шатанд өнгөт энергиэр эмчилдэг. Энэ нь илүү түргэн, үр дүнтэй эмчилгээ болдог. Үүний дараа сэтгэл зүйн эмчилгээ, болор талст ашиглан эмчлэхийг заадаг. Оюун санааны  хөгжлийн чиглэлээр архатик иог заадаг. Бясалгалын дээд түвшинд суралцаж, оюун санааны хөгжлийг хүний энергийн анатомитой холбон үздэг. Хүн оюун санаагаа хэдий чинээ хөгжүүлнэ,  бусдыг эмчлэх чадвар нь төдий хэмжээнд сайжирна. Багш маань хүнийг эмчилж, буян үйлдэхийг сургадаг. 

-Монголд орж ирээд хэр удаж байгаа юм бэ, энэ эмчилгээ Монгол хүнд хэр үр өгөөжтэй байна вэ?

-Сарын өмнө Монголд анхны сургалт зоxион байгуулснаас хойш праник эмчилгээний бүлэг бий болсон. Багшийн сургуулийн байрны 107 дугаар өрөөнд Лхагва гаригт 17:30, Бямба гарагт 14:00 цагаас тогтмол бясалгал зааж, хамтран хийж, хүмүүсийг эмчилж байна. Мөн Зайсанд 7 хоногт нэг удаа бясалгал зааж байгаа. Хамтран бясалгал үйлдэх, эмчилгээ хийлгэх сонирхолтой хүмүүсийг ирэхийг урьж байна. Pranic Healing Mongolia гэсэн фэйсбүүк хуудсаар болон 99991230 утсаар сургалтын зохион байгуулагчтай холбогдох боломжтой.

Осолд ороод бие нь нэлээд гэмтэж, яс нь хугарсан таяг тулсан настай хүн манайхыг зорьж ирсэн. Хоёр өдрийн сургалтад хамарч, эмчлүүлээд шууд таягаа хаясан. Хүү нь нас бараад уй гашууд автсан нэг эмэгтэй бий. Ирэх бүртээ улам өөдрөг болж байгаа. Гурав, дөрвөн удаа л ирсэн. Өчигдөр гэхэд л царай нь гэрэлтээд сэтгэл санаа нь онгойсон шинжтэй  маш сайхан харагдаж байсан. Хүн уйгагүй энэ эмчилгээг хийхэд үр дүн нь үнэхээр  гайхалтай.

-Нэгэнт л хүмүүст буян үйлдэж байгаа юм чинь сургалтын төлбөрөө арай хямдруулж олон хүнийг хамруулах боломж бий юу?

-Хүнийг эмчлэх нарийн аргачлал учраас нэг их том цэнгэлдэх хүрээлэнд олон хүнийг цуглуулж хийх боломжгүй. Ямар нэг шинэ зүйлийг суралцахад дадал хэрэгтэй. Зөв, буруу хийж байгааг бид хүн бүр дээр тулж ажиглаж засч явах сургалт учраас олон хүнийг зэрэг суулгаж хийхэд үр дүн сайнгүй болно. Зөвхөн тухайн хүнд зориулж, заах шаардлага гардаг.

Харин бясалгалыг бол хүн бүрт зааж болно. Сургалтад суулгүйгээр сонссон хүн бүр сурч болно. Мөнгө бол энергийн нэг хэлбэр гэж үзэж болно. Хүн эерэг энергиэ бусадтай хуваалцах нь буянтайн нэг адил  мөнгөө бусадтай хуваалцах, хандив өргөх нь зүйтэй гэж багш маань сургадаг. Энэ нь баян хүнд ч, ядуу хүнд ч адил. Бусдад өгч байж буян орж ирдэг.  Амьсгаа гаргаж байж амьсгаа авдагтай зүйрлэж болно. Олсон буянаа хамгийн түрүүнд аав, ээж, гэрийнхэнтэйгээ хуваалцана, дараа нь оюун санааны тэжээл хаанаас авч байна, түүндээ өргөх учиртай. Тэгээд нийгмийн эмзэг хэсгийнхэнд хандаж тусалж дэмжих нь буянтай үйл болно.Тухайн хувь хүн өөртөө нэг удаа хөрөнгө оруулалт хийж, түүнээс хэдэн хувь илүү хэрэгтэй зүйл авч байвал энергийн урсгалаа баяжуулж байна л гэсэн үг.  Тиймээс энэ сургалтыг төлбөргүй биш төлбөртэй заадаг зарчимтай.

-Праник эмчлэгч нар зэрэглэлтэй байдаг уу?

-Зэрэглэл бий, гэхдээ манайд хараахан нэвтрээгүй. Үйлчлүүлэгчдийг хамгаалахын тулд  чанарын хяналт тавьдаг. Праник эмчлэгчдийн зэрэглэл нь түүний практик туршлага, энергийн чадавхиас хамаарна. Энерги бол худлаа ярихгүй. Бодит үр дүнтэй эмчилж байж, энергийн биеэ сайжруулж байж зэрэглэл ахиж, илүү хариуцлага шаардах аргачлалыг сурах эрхээ олдог. Өөрөөр хэлбэл, праник эмчилгээ нь өөрийн дотоод хяналтын тогтолцоотой, ёс зүйн хатуу шаардлагатай бүтэц юм. 

-Праник эмчлэгчид далд ертөнцтэй холбогддог уу?

-Бясалгал хийгээд, оюун санааны хөгжлөө хөөгөөд явахад хүний совин, мэдрэхүй сайжирдаг. Шашин шүтлэгтэй хүнд бурхантай холбогдох чадвар нь сайжирна гэсэн үг. Ийм боломж хүн бүрт бий.Үүнийг зөвхөн хөгжүүлэх нь чухал л даа.

 

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻