Шар усны үерээс болгоомжилж далан, шуудууг цэвэрлэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/. Орхон аймаг шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор үерийн далан, суваг, шуудуу, ус зайлуулах хоолойг сэргээх, цэвэрлэхээр зэхэж байна.
Үүний хүрээнд Хотын захирагчийн алба, Онцгой байдлын газрын дарга, мэргэжилтнүүд шар усны үерт автах эрсдэлтэй багуудаар зорчиж нийт 30 гаруй км шуудууг цэвэрлэх шаардлагатай байгааг тогтоожээ. Тодруулбал, 13 багт ийм эрсдэл нүүрлэсэн байна. Нэг багт дунджаар 1-3.6 км урт шуудууг цэвэрлэх гэнэ. Цэвэрлэгээ, засварын ажлыг 60 иргэн гурав хоногийн хугацаанд гүйцэтгэхээр болжээ. Ингэхдээ “Эрдэнэтчүүд-Эрдэнэтчүүддээ хайртай” хөтөлбөрт туссаны дагуу ажилгүй иргэдээс ажиллах хүч авахаар төлөвлөжээ. Нэг иргэн өдөрт дунджаар 20 мянган төгрөгийн цалинтай ажиллана.
Үерийн далан, суваг шуудуу, ус зайлуулах хоолойг сэргээх, цэвэрлэх ажил ирэх баасан гарагт эхэлнэ.
Б.Оюун-Эрдэнэ