“Оюутан цэрэг” хөтөлбөрт Орхон аймагт 100 оюутан хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/ Батлан хамгаалах яамны сайдын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/379 дүгээр тушаал, “Цэргийн албаны тухай хууль”-ийн 7 дугаар заалтыг үндэслэн ”Оюутан цэрэг”, “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалтыг Орхон аймагт зохион байгуулахаар боллоо.
Үүний хүрээнд Орхон аймагт 100 оюутан хамрагдана. Бүртгэл энэ сарын 13 хүртэл үргэлжлэх бөгөөд сургалт, бүртгэлтэй холбоотойгоор Батлан хамгаалах яамны “Оюутан цэрэг” хөтөлбөрийн ерөнхий зохичуулагч, хурандаа Г.Мягмаржав, БХЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын Улсын дайчилгааны ахмад мэргэжилтэн, хошууч С.Рагчаадорж нар Орхон аймагт ирсэн юм. “Оюутан цэрэг” хөтөлбөрт Орхон аймгийн ТИС, МУИС-ийн Орхон, Маргад дээд сургууль болон МСҮТ-ийн нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн 100 оюутан хамрагдана.
Тэд 4-6 сар хүртэл танхим, 6-8 сард Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хээрийн сургалтад хамрагдана. Үүний дараа тангараг өргөснөөр цэргийн дайчилгааны нөөцөд бүртгэгдэх юм.
Б.Оюун-Эрдэнэ