Сумаараа архинаас татгалзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-13 10:19:10

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайхандулаан сумын иргэд баяр ёслол, олон нийтийн арга хэмжээг архигүй тэмдэглэх уриалгад нэгджээ.

Орон нутгийн иргэд  архинаас татгалзах санаачилгыг өөрсдөө гаргасныг  сумын ЗДТГ дэмжиж “Архигүй Сайхандулаан” уриалга болгон олон нийтэд түгээсэн бөгөөд сумын Засаг дарга Б.Эрдэнэжаргал багийн Засаг дарга нар болон төсөвт байгууллагын дарга нартай батламж гэрээг хоёрдугаар сард байгуулснаар иргэд Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баяр, гуравдугаар сарын 08-нд болсон эмэгтэйчүүдийн баярыг архигүй тэмдэглэсэн аж.

Батламж гэрээгээр баяр наадам, тэмдэглэлт ой, олон нийтийн арга хэмжээг архигүй тэмдэглэхээр болсон төдийгүй энэ уриалга нэг жилийн хугацаанд  хэрэгжих аж.

Мөн сумын Засаг даргын захирамжаар сар бүрийн долоо хоногийн баасан гаригийг  архи худалдаалдаггүй өдөр болгосон нь олны талархлыг хүлээжээ. Тус суманд архи худалдаалах зөвшөөрөлтэй хоёр дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг аж.   

Х.Эрдэнэбулган

相关新闻