Морио унаж, ердийн хөсөг хэрэглэх уриалга гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛЦагаан-Уул сумын малчид 171381 төл хүлээн авч 5 бум малтай болно
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум аймагтаа мал сүргийн тоо толгойгоор сүүлийн 5 жил дараалан тэргүүлж байна. Тус сумын малчид энэ хавар 171381 төл хүлээн авч 5 бум малтай болох зорилтыг дэвшүүлж байгаа ажээ.
Оны эцсээр мал тооллогын дүнгээр 400199 толгой мал тоолуулж аймагтаа нэгдүгээрт улсад 5-д оржээ. Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газраас жил бүр малчин иргэдээ сонсч цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөдөг уламжлалын дагуу “Төлчдийн тавдугаар зөвлөлгөөн”-ийг зохион байгуулж 300 гаруй төлчид оролцлоо.
Зөвлөлгөөний үеэр мал маллагааны арга туршлага, мал тооллогын үеэр анхаарах асуудал, Улаан загалмайн хорооноос малчдад үзүүлэх тусламж дэмжлэг, малыг даатгуулсны ач тус зэрэг сэдвүүдээр холбогдох байгууллагууд мэдээлэл өгч төлчдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж байлаа. Тус сумын хэмжээнд мал сүрэг тэр дундаа бог мал ихээхэн өсч байгаан улмаас бэлчээрийн даац хомсдож байгаа тул нэмэлт тэжээлийн ургамлуудыг тариалах талаар мэдээлэл зөвлөгөө өгч энэ хавраас эхлэн малчид нэмэлт тэжээлийг өөрсдөө туршин тариалахаар боллоо.
Морио унаж, ердийн хөсөг хэрэглэх уриалга гаргалаа
Цагаан-Уул сумын баг бүрийн төлөөлөл оролцсон 300 төлчдийн чуулга уулзалтад оролцогчид уламжлалт аргаар малаа маллаж, малчин бүр морио унаж, ердийн хөсөг хэрэглэж байх уриалгыг гаргалаа.
Мөн гарч байгаа бодлого, шийдвэрийг иргэдэд шуурхай хүргэж сурталчлан ажиллах, сумын хэмжээний нийт малчдын 30 хувийг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамруулан нийгмийн хамгааллаа баталгаажуулах, нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллах, бэлчээр нутгийг өнжөөх, амраах, чөлөөлөх, зах хязгаар нутгаа эзэмших ашиглах талаар санаачлага гарган хэрэгжүүлэх туршлагаа солилцох гэнэ.
Цаашид орон нутгийн түүхий эдийн нөөцөд тулгуурлан сум, багийн онцлогийг хадгалсан зах зээлд өрсөлдөхүйц экологийн цэвэр “Нутгийн брэнд”-ийг бий болгохыг уриалж байлаа.
Б.Гантуяа