Тогтоол усыг шороогоор дарж, замын хөдөлгөөнд саадгүй болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Говил багийн Булагтын “В” хэсэгт 15 айл усанд автаж шар усны үер боллоо гэх мэдээллийг Онцгой байдлын газар үгүйсгэсэн юм.
Учир нь Орхон аймагт шар усны үерт автсан айл одоогоор байхгүй гэдгийг онцоллоо. Харин Булагтын “В” хэсэгт өмнө нь их хэмжээний тогтоол ус бий болсон нь ийнхүү иргэдийг сандаргажээ. Тухайн газарт урсаж байсан “Говил” гол ширгэж зундаа намгархаг болж их хэмжээний шалбааг үүсгэдэг юм.
Ойрын өдрүүдэд цаг агаар эрс дулаарч цас, мөс хайлсан нь халиа үүсгэжээ. Иймд ОБГ, Хотын захирагчийн алба, Авто тээврийн төв, “Орхон АЗЗА” ТӨХК-ийн удирдлагууд газар дээр нь очиж танилцаад сурагчдын автобус зорчих хэсгийг шороогоор дарж авто замын хөдөлгөөнд саад учруулахааргүй болгоод байна.
Тогтоол усны үргэлжлэх талбайн урт 2 км, өргөн 20-30 метр юм. Ажлын хэсгийнхэн хэлэхдээ, эхний ээлжинд иргэд гудамж, талбай руугаа зорчиход саадгүй болгоно, харин зун инженерийн шийдэл гаргаж бүрэн шийдвэрлэнэ гэлээ.
Б.Оюун-Эрдэнэ