Гурван жилийн дотор 2343 шувуу өндөр хүчдэлд цохиулан хорогджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Цахилгаан дамжуулах агаарын шугам буюу хүчдэлд цохиулж жилд 4000 орчим идлэг шонхор хорогдож байгаа тухай судалгааг “Цахилгаан дамжуулах агаарын шугам буюу хүчдэлд махчин шувууд цохиулах эрсдэл, түүнийг бууруулах боломж” сэдэвт зөвлөгөөнд оролцогчид танилцуулав.
Зөвлөгөөнд БОАЖЯ, ЭХЯ, шинжлэх ухааны байгуулагууд, их дээд сургуулиуд, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан түгээх сүлжээний компаниуд, ТББ, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Сүүлийн 10 гаруй жилд манай орны эрчим хүчний салбарт томоохон дэвшил гарч, бүх сумын төвийг найдвартай цахилгааны эх үүсвэрээр хангаж эхэлсэн. Ингэхдээ бетон тулгуурт цахилгаан дамжуулах агаарын шугам ашиглах болсон юм. Хэдийгээр энэхүү шийдэл нь удаан эдэлгээтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй ч бидний хүрээлэн буй орчинд үлэмж хэмжээний хохирол учруулж байна хэмээн БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр илтгэлдээ дурьдав.
Тэрбээр, “Гадаад дотоодын судлаачдын үзэж байгаагаар идлэг шонхор, шилийн сар, ойн сар, хээрийн бүргэд, цармын бүргэд, начин шонхор хүчдэлд цохиулах нь элбэг байна. Эдгээр шувууд өөрийн гэсэн экологи эдийн засгийн үнэлгээтэй. Тухайлбал, нэг идлэг шонхорын экологи эдийн засгийн үнэлгээ 16 сая төгрөг. Ингээд бодоход бид байгаль орчиндоо хэдэн арван тэрбумаар тоологдох хохирол учруулсаар байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшил, иргэд хамтран ажиллах шаардлагатай” гэлээ.
2013-2016 онд улсын хэмжээнд нийт 20-26 зүйлийн 2343 шувуу өндөр хүчдэлд цохиулан хорогдсныг холбогдох байгууллагуудын судалгаагаар тогтоосон байна. Үүнээс 867 Монголын үндэсний бахархалт шувуу болох идлэг шонхор байна. Иймээс 35кВ хүртэлх агаарын шугамыг шувуудад аюулгүй болгох, уг асуудлыг шийдвэрлэх бүтэц бий болгож, санхүүжилтийг шийдвэрлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай байгааг зөвлөгөөнд оролцогчид хэлж байлаа.
Ч.Ариунболд