Сэлэнгэ аймагт гарсан долоон ойн гал түймрийг цурамд оруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр суманд долоон ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
Үүнд, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд дөрөв, Ерөө суманд нэг, Мандал суманд нэг, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд нэг буюу долоон ойн түймрийг хяналтад авч цурамд оруулахаар ажиллаж байгаа аж. Тус түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын 265 алба хаагч, 11 авто машин, мэргэжлийн ангийн 191 хүн, 17 авто машин буюу нийт 456 хүн, 28 авто машин, нэг нисдэг тэрэг, 15 морьтой үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Түймрийн голомтод алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр тээвэрлэн хүргэх ажлыг тогтмол зохион байгуулж байна. Мөн түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад ОБЕГ, Үндэсний аврах бригад, “Жаргалант” сэргээн засах төв 113 дугаар анги, НОБГ-ын эмч, сувилагч нар эрүүл, мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Улсын хэмжээнд
он гарсаар 13 аймгийн 71 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 206 удаагийн ой,
хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 57
хувиар өссөн дүнтэй байгаа аж.