МТСХ, “БДО-Аудит Монгол” компанитай түншлэлийн гэрээ байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-03-15 13:27:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр МҮОХ-ны Хурлын танхимд Монголын туялзуур сэлэмний холбоо /МТСХ/ нь түншлэлийн бодлогын хүрээнд “БДО-Аудит Монгол” компанитай 2020 оныг дуустал хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Энэхүү гэрээг байгуулснаар БДО Аудит Монгол ХХК нь дээр дурдсан хугацаанд МТСХ-ны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана. ТББ ялангуяа спортын байгууллагын удаан хугацаанд оршин тогтнох, сайн засаглалтай байх үндсэн зарчим нь санхүүгийн сахилга бат, ил тод байдал болохыг үндэслэн МТСХ нь анхны түнш байгууллагаар “БДО-Аудит Монгол” ХХК сонгожээ.

Тус компани нь дэлхийн 158 оронд үйл ажиллагаа явуулдаг, 67 мянга гаруй ажилтантай нягтлан бодох бүртгэл, татвар, зөвлөх үйлчилгээний тэргүүлэх компани болох БДО Интернэшнл компанийн албан ёсны гишүүн компани юм. “БДО-Аудит Монгол” ХХК нь анх 1997 онд Итгэлт Аудит ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, 2013 оноос БДО Интернэшнл компанийн гишүүн болж, дахин зохион байгуулагдсанаар Монгол Улсад 60 гаруй мэргэжилтэнтэй аудит, татвар, зөвлөх үйлчилгээг үзүүлж байгаа юм.

МТСХ нийгэмд үйлчилдэг ТББ нь 2009 онд туялзуур сэлэмний спортоор дамжуулан эх орноо сурталчилах, монголл хүнийг эрүүл саруул байлгах зорилготой байгуулагджээ. Өнгөрсөн найман жилд уг спортоор хичээллэгчдийн тоо, клуб, үйл ажиллагаа нь тогтмол өсөлттэй хөгжиж байна. Тухайлбал, 2016 онд салбарын шилдэг спортын холбоо, МҮОХ-ны “Бөртэ чоно” наадмын шилдэг менежменттэй спортын холбоогоор шалгарсан юм.

Тус холбоо 2013 оноос хойш 1,3 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг босгож уг спортдоо спортдоо хөрөнгө оруулаад байна. Монголын туялзуур сэлэмний тамирчдын амжилт, ур чадвар жил ирэх тусам ахиж байгаагийн нэг тод жишээ нь Ази тивдээ шигшээ наймд шалгарч, олон улсын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтууд нотолж байгаа юм. Тус холбооны ерөнхийлөгчөөр Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Даваацэрэн ажилладаг.

Д.Өлзий

相关新闻