УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дархан-Уул аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-03-16 01:21:10

Дархан-Уул /МОНЦАМЭ/. УИХ-ын Намрын чуулганы завсарлагаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Тэрбээр иргэдтэй хийх уулзалтаа тус аймгийн Хонгор сумаас эхэлсэн бол хоёр дахь уулзалтаа аймгийн “Залуучууд театр”-т Дархан сумын 4-18 дугаар багийн иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын эхэнд УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж баталсан хуулиудыг салбар тус бүрээр нь багцлан танилцуулж сонирхсон асуултад нь хариуллаа. Уулзалтад оролцогсод ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, зөрүүг арилгаж зээлийн хүүг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж ярьсан юм. УИХ-ын гишүүн тэрээр цаг үеийн асуудлаар иргэд сонгогч, Дарханчууддаа мэдээлэл өгөхийн зэрэгцээ иргэдийн гаргасан санал хүсэлтийг цаашдын ажил, төрийн бодлогод тусгаж ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр, “УИХ-ын чуулганы завсарлагаар гишүүд орон нутагт ажилладаг тэр үүргийнхээ дагуу Дархан-Уул аймгийн сумдад уулзалт хийгээд явж байна. Эхлээд Хонгор сумын иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсож төгсөх ангийн сурагчидтай уулзаж мэргэжил сонгох чиглэлээар  арга зүйн зөвлөгөө өглөө. Одоо Дархан сумын иргэдтэй уулзалт хийгээд гарч ирж байна. Уулзалтын гол зорилго нь намрын чуулганаар баталсан гол гол хуулиудын санаа, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн бодлогын ямар байна вэ, бэрхшээл саад байна уу гэх зэргээр товч мэдээлэл өгөөд асуусан асуултад нь хариулж санал бодлыг нь сонсож явна. Эндээс нэг зүйл ажиглагдаж байна. Хаана ч очоод хэнтэй ч уулзсан иргэдийн сэтгэлийг хамгийн их эмзэглүүлж санаа зовоосон зүйл нь хариуцлагын тогтолцоо л байна. Та нар яагаад хариуцлага тооцож чадахгүй байна вэ? Эдийн засгийг ийм байдалд оруулсан хүмүүст хариуцлага тооцооч гэж шаардаж байна. Эдийн засгийн өнөөгийн байдал амаргүй байгаа энэ байдалд тэд сэтгэл эмзэглэж байна. Ийм нөхцөлд төр засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлогыг их сайн ойлгож байгаа нь харагдлаа. Бид тэвчиж болох юмаа тэвчиж дэмжих ёстой юмаа дэмжнээ. Хамгийн гол нь хариуцлагаа л тооц. Тэгэхгүй бол цаашдаа Монголын эдийн засгаа яаж зөв авч явах юм бэ гэсэн санаануудыг их ярьж байна” гэв.

Эрхэм гишүүн 16-нд Орхон суманд, 17-нд Шарын гол суманд тус тус ажиллах аж.

 Б.Норовсамбуу

相关新闻