Ингэний бүтээгдэхүүн брэнд болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Одоогоос дөрвөн жилийн өмнө Дорноговь аймгийн Сайхандулаан сумын тэмээчин Д.Эрдэнэбилэг нутагтаа “1000 ингэний ферм” байгуулах санаачилга гаргаж төсөл бичиж хөдөлмөрлөсний эцэст “Хутагтын говийн тэмээчин” малчны хоршоог байгуулсан байдаг.
Ах дүү, хамаатан садан, нутгийн ард иргэдтэй хамтран байгуулсан хоршооны бүтээгдэхүүн үйлчилгээг говийнхон төдийгүй хөрш Сүхбаатар, Хэнтий, Улаанбаатар хотын хэрэглэгчид шимтэн худалдаж авдаг болжээ.
Ингэний ааруул, сүү, хоормог, буцалгаа, тос зэрэг зургаагаас долоон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хоршоо үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөж цагаан идээ боловруулах бага оврын технологи сууриллуулснаар ажлыг тодорхой хэмжээнд хөнгөлж чаджээ.
Ингэний сүү хоормог, буцалгаа нь хаван бууруулдаг, хоол боловсруулах эрхтэн элэг, цөс, ходоод, гэдэсний өвчлөлд сувиллын болон урьдчилан сэргийлэх зориулалтаар хэрэглэдэг аж. Ингэний ферм байгуулах ажлыг орон нутгаас дэмжиж усны хайгуул хийж, худаг гаргаж, 4.2 км газраас цахилгаан татаж 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Х.Эрдэнэбулган