Газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-20 18:58:11

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-ын Газрын алба иргэдээс газар өмчлөх хүсэлт бүхий өргөдлийг энэ оны гуравдугаар сарын 20-ноос эхлэн хүлээн авч эхэллээ.

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны тогтоолоор Сайншанд сумын нутаг дэвсгэрт нийт дөрвөн байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсний дагуу өргөдөл хүлээн авч эхэлж байгаа ажээ.

Газрыг тус сумын долдугаар багийн нутаг Ногоон тойром, УБТЗ-ын баруун талд,  Болор, Ундрам, Алтаргана хороолол, дөрөвдүгээр багийн нутаг Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын зүүн талд хуульд заасны дагуу нийт 742 иргэнд газар өмчлүүлэхээр хуваарь гаргасан аж.

Газрын тухай хуулийн дагуу иргэнд өмчлүүлэх газрын хэмжээг нийслэлд 0,07 хүртэл га /700м.кв/, аймгийн төвд 0,35 хүртэл га /3500м.кв/, сумын төв, тосгонд 0,5 хүртэл га /5000м.кв/, нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто зам дагуух газарт 0,07 хүртэл га /700м.кв/ газрыг олгодог байна. Газар өмчлөх хүсэлтийг энэ оны тавдугаар сарын 02-ныг хүртэл хүлээн авна..

Х.Эрдэнэбулган

相关新闻