21 яруу найрагч, 21 гэрэл зурагчны өгүүлэмжийг хослуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн яруу найрагчдын өдрийг тохиолдуулан Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, “Зохист Дорно” хэвлэлийн газраас санаачлан анх удаа гэрэл зурагчид, яруу найрагчдын “Яруу найраг гэрэл зурагт” уран бүтээлийн үзэсгэлэнг өнөөдөр Театрын музейд нээлээ.
Тус үзэсгэлэнд гэрэл зураг, яруу найргийн өгүүлэмжээр дамжуулан Монгол эх орныхоо үзэсгэлэнт байгаль, эх нутгийн гоо сайхныг бүтээлээрээ харуулахыг зорьжээ.
Үзэсгэлэнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, СГЗ, яруу найрагч Б.Лхагвасүрэн, Ардын уран зохиолч, СГЗ Т.Галсан, яруу найрагч Д.Урианхай нарын Монголын үе үе төлөөлөл 21 найрагчийн эх нутгийн тухай шүлгүүд, СГЗ, гэрэл зурагчин С.Цацралт, Н.Бөхдамбий нарын Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны 21 гэрэл зурагчны хамтарсан уран бүтээлийн болон хөрөг зургийг дэлгэсэн байв.
Яруу найрагч Х.Сүглэгмаа: Бид маш их цахимжсан, мэдээлэлжсэн ийм цаг үед амьдарч, зохиол бүтээлээ туурвиж байна. Энэ үзэсгэлэнд гэрэл зураг, яруу найргийн харилцааг мэргэжлийн зохиолч, гэрэл зурагчид хамтран харуулсан нь олзуурхууштай. Д.Нацагдоржийн шагнал хүртсэн “Нүүдэл” түүврийн маань “Чулуун гэр” хэмээх англи, хятад хэлээр орчуулагдсан шүлэг бий. Монголын уламжлалт сэтгэлгээ, аж байдлын дүр дүрслэлийн талаар монгол хүн л ойлгохоор тооно, тотго зэрэг үг орсон орчуулахад түвэгтэй энэ шүлэгт зориулан МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин Б.Чадраабал дуран авайдаа буулгасан. Монголын яруу найрагт бичиж үлдээх ёстой шүлгийн нэг энэхүү шүлгийг миний унасан газар, угаасан усны зураг буюу Өмнөговь аймгийн Ханбогд сумын Дэмчигийн хийдийн зургаар чимэглэж гаргасан нь Монголын яруу найраг болон хувь хүний түүхэнд маш том үзэгдэл болж байна.
Тус үзэсгэлэнг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ж.Болор