29 дүгээр сургуулийн сурагчид хичээл хаяж, сургуулийн хашаандаа жагсав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-03-27 15:42:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн СБД-ийн 29 дүгээр бүрэн дунд сургуулийн сурагчид өнөө өглөө хичээл хаялт зарлаж, сургуулийнхаа хашаанд жагсав.

Тус сургууль нь сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургууль бөгөөд сурагчид  чанартай боловсрол заалгахыг хүсч буйгаа илэрхийлэн ийнхүү жагсчээ.

Тэд бусдын адил сурч боловсрох эрхтэй тул эх хэл дохионы хэлийг мэргэшсэн чадварлаг багшаар заалгаж, бусад хичээлүүдийг ч түлхүү орж байхыг шаардав. Мөн багш нар хичээлээ олигтой заахгүй, дохионы хэлээр биш амаар хичээлээ заадаг учраас ойлгодоггүй. Тиймээс бидний суралцах эрх зөрчигдөж байна. Мөн спортын төрөл бүрийн арга хэмжээнд биднийг идэвхтэй оролцуулдаггүй, ялгавартай ханддаг төдийгүй хүүхдүүдтэй багш нар хүндэтгэлтэй бус харьцдаг гэжээ. 

Өмнө нь энэ талаар сургуулийн захиргаандаа хүсэлт гаргасан ч хүсэлтийг хүлээн авч тодорхой арга хэмжээ аваагүй учир хичээл хаялт зарласан байна.

Тэд “Бүх хичээлээ дохионы хэлээр заа”, “Сургуулийн захиргаа бүх багш нар дохионы хэлний чадвараа сайжруул”, “Бидний хүслийг сонсч эрхийг хүндэтгэж харилц”, “Бидэнд боловсрол олгодог арга зүй, системээ шинэчил” гэсэн үгтэй уриа барьсан байв.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻