Оюутны “Универсиад-2017” IV их наадам нээлтээ хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын оюутны спортын “Универсиад-2017” IV их наадам спортын 12 төрлөөр амжилттай үргэлжилж буй. Тус их наадмын нэгдсэн нээлтийн ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Спортын төв ордонд боллоо.
Нээлтийн үеэр их наадмын волейболын тэмцээний медальт байрт шалгарсан баг тамирчдын медалийг гардуулан өгөв.
Мөн тамирчин, шүүгчийн тангараг өргөх ёслол болж шүүгчийг төлөөлж Гимнастикийн Олон улсын хэмжээний мастер, Олон улсын шүүгч, Олон улсын хэмжээний дасгалжуулагчийн 2-р зэрэгтэй, Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ШУТИС-ийн ахлах багш, Г.Ерөөлбат, тамирчинг төлөөлж Модон бөмбөгийн Олон улсын хэмжээний мастер, Дэлхийн оюутны аварга шалгаруулах 2016 оны тэмцээний мөнгөн медальт, ХААИС-ийн оюутан, Г.Мягмарсүрэн нар өргөсөн юм.
Тус их наадмын чөлөөт бөх, волейбол, цана, жүдогийн төрлийн тэмцээн явагдаад байна.
Дөрөвдүгээр сард шатрын төрөл Зууны шатар клубт, ширээний теннисний төрөл Оч спорт клубд, гандболын тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд, аэробикийн тэмцээн ШУТИС-д, тавдугаар сард модон бөмбөгийн төрөл Монгол шилтгээн дэх Модон бөмбөгийн талбайд, хөнгөн атлетикийн тэмцээн Төв цэнгэлдэх хүрээлэнд явагдаж “Универсиад-2017” IV их наадмын аваргууд тодорч өндөрлөх аж.
Энэхүү их наадмыг 2005, 2009, 2013 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор спортын 14-18 төрлөөр зохион байгуулж байсан түүхтэй.
Монгол Улсын хэмжээнд болон гадаадын 120 гаруй их, дээд сургуульд суралцаж буй 70 гаруй мянган оюутан залуусыг хамруулан гурван үе шаттай амжилттай зохион байгуулжээ.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр