Махан бүтээгдэхүүн шинжлэх ариун цэврийн лаборатори байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-30 13:55:49

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймагт үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуйг хянаж, шинжилдэг  ариун цэврийн лабораторийн барилгыг барихаар болжээ.

Өмнөх Засгийн  үед идэвхтэй яригдаж байсан энэ асуудал биелэлээ олж Азийн хөгжлийн банкны 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр аймгийн ХХААГ-ын эрхлэх асуудлын харьяанд уг ариун цэврийн лабораторийн барилгыг барих нь тодорхой болсон аж.

Учир нь энэ сарын 27-нд Азийн хөгжлийн банкны холбогдох албаны хүмүүс Дорноговьд зочилж ХХААГ-ын дарга  Ж.Наранболдтой уулзахдаа лабораторийн барилгыг барих болсноо дуулгаж газрын байршлыг үзсэнээс гадна аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн ажил байдал, боловсон хүчний хангамж зэрэг асуудлуудтай танилцжээ.

Албаныхан барилга барих судалгааны ажил дууссаны дараа бүтээн байгуулалтын ажлыг хэзээ эхэлж,хэзээ дуусгах талаар  мэдээлэх аж.

Замын-Үүд гэдэг хамгийн том боомт хоттой, өмнөд хилийн томоохон суурин Дорноговь аймаг орчин үеийн шаардлага хангасан ариун цэврийн лабораторитой болсноор орон нугаас мах болон махан бүтээгдэхүүн экспортлох боломжийг нээх юм.

Х.Эрдэнэбулган

相关新闻