“Нийгмийн эрүүл мэндийн төв” байгуулах санаачилгыг сайшаалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, доктор Су Нюунт-У болон холбогдох албаны хүмүүс Орхон аймгийн удирдлагуудтай уулзлаа.
Доктор Су Нюунт-У хэлэхдээ, “ДЭМБ-аас хэрэгжүүлсэн аливаа төсөл, хөтөлбөр Дархан-Уул, Орхон аймагт амжилттай хэрэгждэг нь төрийн байгууллагын оролцоо их байдагтай холбоотой байдаг. Орхон аймагт зүрх судасны өвчлөлийн шалтгаант нас баралт өндөр үзүүлэлттэй байдаг тул үүнээс урьдчилан сэргийлэлт чухал” гэдгийг онцоллоо. Мөн “Нийгмийн эрүүл мэндийн төв” байгуулахаар ажиллаж байгааг ихэд сайшаасан юм.
Монгол хүний эрүүл мэнд зөвхөн эмч, эмнэлгийн ажилтнуудад хамаатай бус гэдгийг олон нийтэд ойлгуулах нь чухал гэж Доктор Су Нюунт-У хэллээ. Тэрээр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчөөр 2012 оны 11 дүгээр сард томилогдож 2017 оны 5 дугаар сар хүртэл ажиллана. Доктор Су Нюунт-У 2016 оны 1 сарын 1-ээс 2017 оны 1 сарын 31 хүртэл “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
Б.Оюун-Эрдэнэ