Гэр хорооллын зарим гудамж усанд автжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт сүүлийн өдрүүдэд эрс дулаарсан тул Их-Залуу, Яргуйт, Шанд, Уртын гол, Говил багт айл өрхийн хашаа, байшин усанд автаж ихээхэн хүндрэл учраад байна.
Үүнийг шийдвэрлэхээр аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал, Онцгой байдлын газрын дарга Г.Ганбаатар нар гэр хорооллолд ажиллалаа. Юуны өмнө суваг шуудуу татах, усыг насосоор соруулж зайлуулж байна. Мөн гудамж хооронд шавар шалбааг их байгаа тул чулуу, хайргаар дарж байна.
Дээрх багууд нь нам дор, усны урсац, хотгор газар болон үерийн ам ихтэй газар байрладаг. Өнөөдрийн байдлаар Яргуйт багийн 21,22,23, Шанд багийн 17 дугаар сургуулийн арын гудамж, Их-Залуу багийн Баянталын хэсэгт зарим гудамж шавар, шалбааг ихтэй байна. Усанд автсан айл, өрх байхгүй гэж Онцгой байдлын газраас мэдээллээ. Гэхдээ ийм эрсдэлтэй газар амьдрч байгаа иргэд өөрсдөө ус зайлуулах суваг, шуудуу ухаж аюулгүй байдлаа хангах хэрэгтэйг хавар, зуны улиралд байгаль, цаг уур байнга сануулсаар байдаг юм.
Б.Оюун-Эрдэнэ