“Хөдөлмөрийн аюулгүй байдал-амжилтын үндэс” сарын аян эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-нд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” тохиодог.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачилсан энэ өдрийг Монгол Улс уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ өдрийг угтаж Дорноговь аймагт “Хөдөлмөрийн аюулгүй байдал-амжилтын үндэс” эрүүл ахуйн сарын аян дөрөвдүгээр сарын 03-наас эхлэв.
Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар,Мэргэжлийн хяналтын байгууллага, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбооны төлөөлөл оролцсон Ажлын хэсэг энэхүү сарын аяныг удирдан зохион байгуулж байна.
Аяны нээлтийг Зүүнбаян тосгонд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Доншен”ХХК-ийн байранд хөдөлмөрийн аюулгүй байдлын үзүүлэх сургалт хийж, үзлэг шалгалтын ажлыг зохион байгуулж эхэлжээ.
Мөн төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагын удирдах болон холбогдох ажилтнуудыг хамруулсан сургалтыг Сайншанд, Замын-Үүд суманд бүсчилж зохион байгуулах, орон нутгийн төсөвт байгууллагуудын дунд туг аялуулах, байгууллага бүр тодорхой ажил зохион байгуулах, сайн туршлагыг нэвтрүүлэх, уул уурхайн компаниуд, зочид буудал, зоогийн газруудад хөдөлмөрийн аюулгүй байдлын хуулийн хэрэгжилтийг хангуулах зэрэг тодорхой ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дашрамд дурдахад ажлын байр дээрх осол гэмтэл Дорноговь аймгийн хэмжээнд 2013 онд дөрөв, 2014 онд тав, 2015 онд 10, 2016 онд дөрөв, 2017 оны эхний гурван сарын байдлаар хоёр удаа гараад буй аж.
Х.Эрдэнэбулган