Дэлгэрэх суманд шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь/МОНЦАМЭ/. Өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Хөх толгой хэмээх газар нутаглаж буй малчин н.Сэндэнпүрэв гэх айлын үхэрт малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрчээ.
Малын эмч мэргэжилтэн үхрээс дээж авч улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд гуравдугаар сарын 29-ний шинжилгээний хариугаар малын гоц халдварт шүлхий өвчин болох нь тогтоогдсон аж.
Шүлхий өвчин гарсантай холбогдуулж Дэлгэрэх сумын Онцгой комисс хуралдаж хорио цээрийн дэглэм тогтоож, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Мөн Дорноговь аймгийн Онцгой комисс энэ оны дөрөвдүгээр сарын 02-нд хуралдаж халдварт өвчний нөхцөл байдлыг хэлэлцэж тус сум руу орох, гарах тээврийн хөдөлгөөн, замыг бүрэн хааж, сумын гамшгаас хамгаалах нөөцийн бүрдүүлэлтийг сайжруулах,нэмэлтээр ариутгал халдваргүйтгэл хийх, хүн хүч, техник хэрэгслийг төвлөрүүлэх, үзлэг тандалтын бүлэг нэмж гаргах, хяналтыг сайжруулах, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын тээвэрлэлт, хадгалалт хамгаалалтын байдлыг сайжруулах зэрэг тодорхой шийдвэр гаргаж, шат шатандаа хэрэгжүүлж эхлээд байна.
Дөрөвдүгээр сарын 02-ны байдлаар хоёр голомтын бүсэд 16 хот айлын 27 өрхийн 68 хүн,11616 толгой мал буй бөгөөд шүлхий өвчинд мэдрэмтгий 10657 толгой мал буй. Сэжигтэй бүсэд 32 хот айлын 54 өрхийн 121 хүн, 20975 толгой мал, үүнээс шүлхий өвчинд мэдрэмтгий 19252 үхэр буй аж.
Мөн голомтын хоёр бүсийн дөрвөн өрхийн 12 үхэрт дээрх өвчний шинэ тэмдэг илэрсэн бөгөөд гурван өрхийн 10 үхрийг устгалд оруулжээ.
Албаны хүмүүсийн хэлж буйгаар малын гоц халдварт шүлхий өвчний халдвар Сүхбаатар аймгаас уул уурхайн тээвэрлэлт хийдэг авто тээврийн хэрэгслээр дамжихаас гадна тодорхойгүй шалтгаанаар зүй бусаар хорогдсон үхрээс халдварласан байж болзошгүй гэжээ. Мөн халдварт өвчин гарсныг малчид нуун дарагдуулж мэдээлэл өгөхдөө хугацаа алдах байдал гарч байгаа аж.
Х.Эрдэнэбулган