Орон нутгийг судлах музей аялал жуулчлалыг хөгжүүлэх хөшүүрэг болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-05 13:28:58

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншандад ирсэн хэн ч болов аймгийн орон нутгийг судлах музейгээр заавал зочилдог. Энд говь нутгийн зон олны үеийн үед уламжилж ирсэн амьдралын хэв маяг, тэмцэл, ялалт, зан заншил түүх соёл байгалийн давтагдашгүй тогтоц бүхий сонин содон цуглуулга зэрэг, ховор нандин үзмэрийг үзэж сонирхох боломжтой.

Өөрөөр хэлбэл байгалийн давтагдашгүй гоо сайхан, хүн ардын үеийн үед цогцлон бүтээсэн шашин соёлын гайхамшигт өв, нүүдэлчдийн зан заншил, өвөрмөц ёс уламжлалыг  батлан хадгалсан энэхүү музей  Дорнын говьд  аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон бааз суурь болж байна.

Анх 1949 онд аймгийн орон нутаг судлах кабинет Сайншандад албан ёсоор буй болж  үзмэрийн сангаа олон нийтэд дэлгэснээс хойш жилээс жилд баяжуулан өдгөө  зургаан танхимд нийт 6000 гаруй үзмэр дэлгэн тавьдаг болжээ.

Түүх сонирхвол, Дорноговь аймагт Музей байгуулах шийдвэр  аймгийн Намын хороо, яамны хавсарсан тэргүүлэгчдийн 1947 оны 03 дугаар сарын 24-ны 17 дугаар хурлын тогтоолоор батлагджээ.

            Байгалийн хэсэгт : Эртний аварга сүүн тэжээлтнийг олж харах боломжтой

 

Эртний аварга сүүн тэжээлтэн, загас, яст мэлхий, үлэг гүрвэл зэрэг сээр нуруутан амьтдын тухай сонирхолтой үзмэр, байгалийн зүй тогтлын хуулиар тэдгээр амьтан мөхөж, сэхэж явсаар эрт галавын үеийг гүйцээсэн тухай ул мөр, нотлох баримтыг эндээс харж болно. 

Дорноговь аймаг нэн эртнээс хүмүүн заяатан идээшин дасч, үе дамжин оршин сууж, аз жаргалтай  амьдарч ирсэн домог түүхийн өлгий нутаг. Товчхондоо хэлбэл бидний өвөг дээдэс тэмээ, мал адгуулж,  зэрлэг адууг гаршуулан аж төрж жаргаж, зовж явсан амьдралаа чулуунаа түүхлэн үлдээсэн нь байгалийн өмөрмөц зохицолдолгоо бүхий  уран зургийн галерейг ч үлдээсэн байна. 

    Түүхийн хэсэгт: Хүннүгийн үед холбогдох архелогийн ховор үзмэрүүд байдгаараа бусад  аймгийн түүхийн музейгээс ялгарах онцлогтой

 

Чулуун болон хүрэл, төмөр зэвсгийн үед хамаарах архелогийн олдворууд бий.  Төрт үеийн түүхэнд холбогдох хадны сүг зураг, гэрэлт хөшөө, хүн чулуу болон говийн ард түмний аж амьдралыг харуулсан уналга эдэлгээний хэрэгсэл, тэмээн тэрэг сэлтийг дэлгэсэн байдаг. Орчин үеийн түүхийн танхимд 1911 оны эрх чөлөөний хөдөлгөөний үүх түүхээс эхлээд ардын хувьсгалын үе, Дорноговь аймаг байгуулагдсан түүхэн үе болон 1990 оны ардчилсан өөрчлөлттэй холбоотой баримт зургууд бий.

Эдүгээ музейд 150 орчим хосгүй үнэт зэрэглэлд багтах  үзмэр байна. Мөн  Хүннүгийн үед холбогдох архелогийн ховор үзмэрүүд байдгаараа бусад  аймгийн түүхийн музейгээс ялгарах онцлогтой.

Музейн ажилтнууд нь байгаль дэлхийн зүй тогтол болоод  хүмүүний амьдралын сонин содон  ертөнц, баяр гуниг, алдаа оноо, хэзээ ч дахин давтагдашгүй он цагийн хэлхээг баримтжуулан, үеийн үед  үр хойчдоо өвлүүлэн үлдээж,  өнгөрснийг эргэн сануулж, он дарааллын толь бичиг болгон цуглуулж, хадгалж хамгаалж байдаг.

Х.Эрдэнэбулган 

相关新闻