Цэвэрлэх байгууламж засварлах хөрөнгийг улсын төсвөөс гаргах хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-22 17:34:28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.

1998 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Ариун цэврийн тухай хууль баталснаар хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг баталгаажуулж хууль, эрх зүйн орчинг бүрдүүлсэн. Хуулийн төсөл батлагдаад олон жил болж байгаа тул Эрүүл ахуйн тухай хууль болгон шинэчлэн найруулсан хэмээн Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдав.

Тэрбээр, “Судалгааны дүнгээс үзэхэд Улаанбаатар хотод 1 сая 206 мянган хүн байнга оршин сууж байна. Ийнхүү хүн ам өсч, бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаатай уялдуулан хотжилт, уул уурхай, аялал жуулчлал, үйлдвэржилт эрчимтэй явж, дэвшилтэт техник технологи нэвтэрснээр улс орны хөгжил, дэвшилд тодорхой хувь нэмэр оруулж байгаа хэдий ч хүрээлэн буй орчинд сөрөг үр дагавар дагуулсаар байна.

Улаанбаатар хот, зарим суурин газрын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч азотын давхар исэл, хүхэрлэг хий, хар тугалга болон нарийн ширхэглэгт тоосонцорын хэмжээ эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байна. Энэ нь хүн амын дунд амьсгалын замын өвчлөл, түүн дотроо уушгины цочмог, архаг үрэвсэл, хорт хавдар, зүрх судасны эмгэг, харшлын өвчин нэмэгдэх, хүний дархлааны түвшин буурах, хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжилт саарах зэрэг сөрөг нөлөө үзүүлж байна.

Улсын хэмжээнд 2013-2014 оны хичээлийн жилд 1067 цэцэрлэгт 193.0 мянган, ерөнхий боловсролын 755 сургуульд 504.0 мянган хүүхэд суралцсан. Тэдний суралцах орчны эрүүл ахуйн нөхцлийг хангуулах нь эрүүл иргэнийг төлөвшүүлж, ирээдүйд чиглэсэн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт болох юм. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд сургуулиудын 76 хувь, цэцэрлэгийн 80 хувь нь хүчин чадлаасаа 1.5-2 дахин их хүүхэдтэй, зарим сургууль 3 ээлжээр хичээллэж байгаатай холбоотой анги, бүлгийн агааржуулалт, гэрэлтүүлэг хангалтгүй, ариун цэврийн тоноглол хүрэлцээгүй байна.

Дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай орчин, нөхцөл бүрдүүлэх үүднээс эрүүл ахуйн дараах нөхцөл, шаардлагад нийцүүлэн хуулийн төслийг боловсруулсан” гэв.

Хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүд хуулийн төслийн ерөнхий үзэл санааг дэмжиж байгаа хэдий ч зарим зүйл заалт дутуу байна гэсэн санал хэлж, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцуулав.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Энэ хуулийг нэн яаралтай хэлэлцэж батлах хэрэгтэй. Тиймээс байнгын хорооны саналыг дэмжиж болохгүй. Байгаль орчны бохирдол, цэвэрлэх байгууламжийг нэн яаралтай засварлах зэрэг олон тулгамдсан асуудал байгаа. Тиймээс Эрүүл ахуйн тухай хуулийн төслийг баталж, шаардлагатай хөрөнгийг улсын төсвөөс гаргах хэрэгтэй.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэж батлах нь зөв гэж үзлээ.

Ч.Ариунболд

相关新闻