Завханд “Аюулгүй хүнс” сарын аянаар 58 нэр төрлийн 86 дээжид шинжилгээ хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт “Аюулгүй хүнс” сарын аян явагдаж байна.
МХЕГ-ын даргын баталсан 01/90 тоот удирдамжийн дагуу иргэн бүрт эрүүл хүнс уриатай “Аюулгүй хүнс” аяныг явуулж хяналт шалгалтанд 9 цэцэрлэг, таван сургууль, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэхчлэн нийт 36 аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хамрагджээ. Ийнхүү давхардсан тоогоор 180 зөрчил илрүүлэн газар дээр нь 117 буюу 65 хувийг арилгуулж 67 заалт бүхий 13 албан шаардлага, зөвлөмж, гурван бүтээгдэхүүний дүгнэлт гаргажээ. Аяны хүрээнд 60 орчим аж ахуйн нэгж байгууллага, иргэний хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 58 нэр төрлийн 86 дээжид 430 үзүүлэлтээр шинжилгээ хийжээ.
Хүүхдүүд бүтээгдэхүүний шошгын талаарх мэдлэгтэй болов
Аюулгүй хүнс сарын аянаар 1200 гаруй хүүхдүүдэд бүтээгдэхүүний шошгын талаарх мэдлэг олгов.
Түүнчлэн 2500 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан сургалт хэлэлцүүлэг өрнүүлжээ. Сургалтаар хүнсний бүтээгдэхүүний баталгаат байдал, хадгалалт, хуванцар савны хэрэглээ, хоол, хүнсний аюулгүй байдал-хууль эрх зүй, хүнсний зах, бөөний худалдааны төв, нийтээр үйлчлэх хоол үйлдвэрлэл үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн зохистой дадал гэхчлэн 14 чиглэлээр мэргэжлийн стандарт шаардлагыг сурталчилав. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдэд хүнсний бүтээгдэхүүнийг сонгох, шошгын мэдээллийн хэрхэн унших талаар мэдээлэл хийж сурталчилгааны зурагт хуудас, гарын авлага, зөвлөмжийг тараажээ. Ингэснээр хүүхдүүд аюулгүй хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн сонгож зөв хэрэглэх, бүтээгдэхүүний хугацаа, хадгалалтын талаарх мэдлэгтэй болсон байна.
Б.Мягмарсүрэн