Иргэний нийгмийн байгууллагуудтай сар бүр хамтран ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-07 20:56:19

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ИТХ-ын Ажлын албанаас орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, сар бүр тэдний санаа бодлыг сонсож эхэлжээ. Энэ сарын 07-нд зарим төлөөлөлтэй уулзаж хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулав.

ИТХ-аас энэ сард хувь хүний хөгжлийн асуудлаар сургалт, “Иргэн-гэр бүл ба эрх үүрэг” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулахаар төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй тохирчээ. Мөн  иргэдтэй хамгийн ойр ажилладаг багийн хэсгийн ахлагч нарыг чадавхжуулах сургалтыг ч хамтран зохион байгуулахаар шийдсэн аж.

Уулзалтын үеэр иргэдийн оролцоог  нэмэгдүүлэхийн тулд сонирхлын бүлгүүдийг дэмжих, олон талт сургалт сурталчилгаа зохион байгуулах, Иргэний танхимын ашиглалтын талаар тодорхой санал дэвшүүлж харилцан ярилцлаа.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахад туслах, нутгийн удирдлагын хүнд сурталгүй, уян хатан механизмыг бий болгох, иргэдийн хувийн санаачлага эрмэлзлэлийг дэмжих, орон нутгийн асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн өмч, санхүүгийн нөөцийг удирдах, эдийн засаг нийгмийн амьдралын зайлшгүй шаардлагатай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд ажлаа чиглүүлж буй.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан Иргэний танхимын ажиллах журмыг шинэчилж батлуулахаар Ажлын албанаас төсөл боловсруулснаа энэ үеэр танилцуулж, төрийн бус байгууллагын төлөөллүүдээс санал авав. Дорноговь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй төрийн бус байгууллага байдаг аж. 

Х.Эрдэнэбулган

相关新闻