Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд амжилттай оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-07 21:00:16

Дорноговь /МОНЦАМЭ/. Монголын Аялал жуулчлалын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Ай Ти Эм -2017”  олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 18 дахь жилдээ энэ оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэл “Мишээл экспо” төвд  боллоо.

Үзэсгэлэнд Дорноговь аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар,  Хамарын хийдийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, “Хур говь” зочид буудал, “Их соён” зочид буудал, “Таван дохио”, “Хайрхан”, “Номадик Жонис”, “Их уулын говь” жуулчны бааз зэрэг 10 гаруй байгууллага, аж ахуй нэгж оролцож өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилсан байна.

Оролцогчид 10000 гаруй танилцуулга, нэрийн хуудас солилцсоноос гадна 30 гаруй газартай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Компаниуд жуулчин хүлээн авах, тээвэр,соёл зэрэг  өргөн хүрээний үйлчилгээ үзүүлэхэд хамтран ажиллах аж.

Монголыг гадаадад сурталчлахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг олон улсын энэхүү үзэсгэлэнд Дорноговь аймаг  2009 оноос хойш оролцохдоо шилдэг аймгаар, түнш аймгаар шалгарч байжээ.

 

Х.Эрдэнэбулган

 

相关新闻