“Оюутан цэрэг” сургалтад 14 оюутан хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Энэ жил “Оюутан цэрэг” сургалтад Ховд Их Сургуулийн салбар сургуулийн 3, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн 11 оюутан бүртгүүлжээ.
Сурлагын голч дүн нь 2,8-аас дээш, эрүүл мэндийн үзлэг болон биеийн тамирын шалгалтад тэнцсэн оюутнууд дээрх сургалтад суралцах боломжтой бөгөөд оюутан цэргүүд 4 дүгээр сарын 01-нээс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл амралтын өдрүүдэд Өлгий хотод, 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15-ны хооронд Ховд хотод Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт Хүчний 123 дугаар ангид цэргийн бэлтгэл сургалтад хамрагдсанаар цэргийн алба хаасанд тооцогдох юм.
Дашрамд хэлэхэд, 2016 онд тус аймгийн 7 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан ба сургалтад хамрагдах хүсэлтэй оюутнуудын тоо жилээс жилд өсч байгаа талаар аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ.
Ө.Нурболат