БАЯН-ӨЛГИЙ: Байнгын ажиллагаатай Шуурхай штаб байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-05-27 15:23:32

Өлгий, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж аймгийн Онцгой байдлын газар 5 дугаар сарын 1-30-ны өдрийг дуустал хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, ажлын тусгай горимд шилжин болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, албаны хүн хүч, техник хэрэгслийн үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг дээшлүүлж, байнгын ажиллагаатай Шуурхай штаб байгуулан ажиллаж байна.

 

Баян-Өлгий аймгийн хэмжээнд 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 21 удаагийн объектын гал түймрийн, 3 удаагийн шар усны үер, 1 удаагийн газар хөдлөлт /5.2/, 3 удаагийн мөс цөмөрсөн, 1 удаагийн хүн төөрсөн, сураггүй алга болсон, 3 удаагийн зам тээврийн осол, 1 удаагийн үйлдвэрийн осол, 5 удаагийн цас орсны улмаас зам, даваа хаагдсан, 1 удаагийн усны осол /голын усанд хүн живсэн/ нийт 39 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд бүртгэгджээ.

 

Дээрх аюулт үзэгдэл, ослын дуудлагаар Онцгой байдлын газраас давхардсан тоогоор 95 алба хаагч, 18 техник хэрэгсэл, гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 156 хүн, 72 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж, 124 хүний амь, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 1.7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

 

Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд бүртгэгдсэн аюулт үзэгдэл, ослын улмаас 1 хүн усны ослоор амиа алдаж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 51,5 сая төгрөгийн хохирол учирсан байна.

 

Гамшиг, аюулт үзэгдэл, ослыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 20 хувиар буурсан үзүүлэлтэй байна хэмээн аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат мэдээллээ.

相关新闻