Аутизмтэй хүүхдүүд ширээний теннисээр өрсөлдөж шилдгүүдээ тодруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын тусгай олимпийн хороо, Монголын аутизмын холбоо /МАХ/, Олон улсын хууль зүйн “Хоган Ловеллс Монголиа” Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл /ХХН/, Шинэ-Од цогцолбор хамтран ширээний теннисний тэмцээнийг хоёр дахь удаагаа зохион байгуулж шилдгээ тодруулав.
МАХ-ны санаачилгаар Японы “Sport for Tomorrow” байгууллагын нэрэмжит ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн нь анх удаа өнгөрсөн жил болж байв. Энэхүү тэмцээн нь оюуны бэрхшээлтэй хүүхэд залуусыг спортоор дамжуулж хөгжүүлэх зорилготой юм. Жил бүр “Дэлхийн ширээний теннисний өдөр”-ийг угтан дэлхийн олон улсад зохион явуулдаг уламжлалтай.
Тэмцээн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр БГД-т байрлах Шинэ-Од спорт цогцолборт болов. Тэмцээн явуулах орчин нөхцөл болон хэрэглэлийг тус цогцолбороос гаргасан төдийгүй шүүгчээр хангажээ. Шагналт байрны болон тэмцээнд оролцогчдын гарын бэлэг, мөн өдрийн хоол зэрэг бүх зардлыг “Хоган Ловеллс Монголиа” ХХН-өөс ивээн тэтгэсэн байна.
Энэ жилийн тэмцээнд нийслэлийн 4 тусгай сургууль, ХУД-ийн 130 дугаар сургууль, Монголын Дауны Холбоо, МАХ, ХБХХЭЭХ, Өвөрхангай аймгийн нийт 80 гаруй хүүхэд оролцов. Энэ тэмцээнийг жил бүрийн дөрөвдүгээр сард тэмдэглэдэг “Аутизмыг таниулах өдөр”-ийг угтаж уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.
Дашрамд сонирхуулахад, Аутизм бол хүүхдийн уураг тархинд гарсан биофизиологийн өөрчлөлтөөс үүдэн тархины хөгжилд нөлөөлж харилцах, нийгэмших, мэдээлэл хүлээн авч боловсруулах чадварт илэрдэг эмгэг юм. Аутизм үүсэх шалтгааныг өнөөдөр тогтоогоогүй бөгөөд аутизм нь нийгмийн гарал үүсэл, давхарга, эдийн засгийн байдал, ястан үндэстэнээс хамааралгүй. Мөн таван хүүхэд тутмын дөрөв нь эрэгтэй хүүхэд байдаг онцлогтой. Сүүлийн үеийн судалгаагаар аутизмын хүчин зүйл нь тодорхой нэг асуудлаас үүдэлтэй бус гэдэгт судалгааны дүн нэгдэж байгаа юм. Тухайлбал, удамшил, генийн буруу хөгжил, агаарын бохирдол, вакцин, дархлааны тогтолцооны гажуудал, хүнд металын хордлого зэрэг нөлөөлж болох олон шалтгааныг нэрлэдэг. Тиймээс аутизм үүсэх шалтгаан тодорхойгүй байгаагаас үүдэн эмчлэх талаар дорвитой судалгаа хийгдээгүй байна. Манай улсын хэмжээнд албан статистик байхгүй бөгөөд МАХ-ны албан бус тоон мэдээллээр 200 шахам аутизмтай хүүхэд залуус бүртгэлтэй. Дэлхийн хүн амын нэг хувь нь аутизмын хүрээний эмгэгтэй гэсэн мэдээ байдаг. Үүнээс үзэхэд манай улсад дээрх тооноос хэдэн 10 дахин аутизмтай хүн байх магадлалтай.
Д.Өлзий