"Хүүхдийн төлөө хамтдаа" нэгдсэн зөвлөлгөөн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Өнгөрөгч амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловрол, соёл, урлагийн газар, ХГБХГ хамтран "Хүүхдийн төлөө хамтдаа" зөвлөлгөөнийг Сайншанд суманд зохион байгууллаа.
Өсвөр, залуу үеийнхэн, багш нар, эцэг эхчүүдийн санаа бодол, тулгамдаж буй бэрхшээлийг сонсох, хамтран шийдэх зорилгоор аймгийн хэмжээнд анх удаагаа зохиогдож буй дээрх зөвлөгөөнд 14 сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн, сургуулийн захирал, нийгмийн ажилтан, багш, эцэг эх, сурагчдын төлөөлөл болсон 434 хүн оролцов.
Эцэг эхчүүд “Завгүй, ажилтай” гэх олон шалтгаан хэлж хүүхдүүддээ тавих анхаарал суларснаар орчин үеийн хүүхдүүд цахим орчинд, компьютер тоглоомд хэт автаж бүдүүлэг үг хэллэг хэлэх, зохисгүй үйлдэл гаргах, гаж буруу зүйлд автах, хүмүүжлийн доголдолтой болж өсөх хандлага их байгааг оролцогсдын зарим төлөөлөл ярилаа.
Мөн хүүхдүүд нийгмийн стресс, бухимдал, шударга бус байдал, баян хоосны ялгаа, цалин орлогын хангамж зэрэг олон сөрөг хүчин зүйлүүдтэй өдөр бүр тохиолдож үүнээс үлгэр жишээ авч байдаг нь тэдний хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг байна.
Зөвлөлгөөнд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын үндэсний зөвлөх багш доктор Б.Оргил "Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багш, эцэг эхийн оролцоо", гэр бүл судлаач лектор Л.Нарантуяа "Гэр бүлийн төгс ялгуун харилцаа", анагаах ухааны доктор, АШУҮИС-ийн сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн ахлах багш Т.Ганцэцэг "Хүүхдийн сэтгэл зүй ба хүүхдийн хүмүүжил, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ" сэдвээр илтгэл хэлэлцүүлж, харилцан санал солилцлоо.
Гэр бүл судлаач, лектор Л.Нарантуяа: Хүүхдийнхээ сэтгэл зүрхийг нь нээж ярьж, хамтдаа тоглож байх хэрэгтэй
Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг. Хүүхдийнхээ юу хүсэж мөрөөдөж байгааг, ямар хүн болж төлөвших талаар эцэг эхчүүд төдийлэн хайхардаггүй.
Гэр орныхоо дотоод асуудалд анхаарч, хоол унд, хувцас хунарыг бэлдэж, сургуулийнх нь төлбөрийг төлчихвөл болно гэж боддог бол тийм биш.
Хүүхдийнхээ сэтгэл зүрхийг нь нээж ярьж, хамтдаа тоглож, аливаа асуудлыг муйхраар бус эвээр, аргаар тайлбарлан хэлж ойлгуулж бай.
Хэн нэгэн миний хүүхдийг хүмүүжүүлчихнэ гэж бодвол эндүүрэл. Хүүхдүүдтэйгээ ямагт ойр бай.
Хүүхдээ хүмүүжүүлэх ажил ярилцахаас эхэлнэ. Өнгөрсөн нэгдүгээр сард эцэг эх, багш, сурагчдын хамтарсан зөвлөлгөөнийг Сэлэнгэ аймаг санаачлан зохион байгуулсан.
Би уригдаж оролцож байлаа. Дараагийн зөвлөлгөөн Дорноговь аймагт боллоо. Бас уригдаж оролцлоо. Зөвлөлгөөнийг зохион байгуулсан байгууллага, хамт олонд талархал илэрхийлье гэв.
Зөвлөлгөөнд оролцогч эцэг эхчүүд, багш нар, хүүдүүд өөрсдийн эрх үүргийн хүрээнд тус бүр зөвлөмж гаргаж хэрэгжүүлэхээр болов.
Аймгийн шилдгийн шилдэг багшийг тодруулахад Сайншанд сумын ерөнхий боловсролын II сургуулийн технологийн багш н.Мөнхбат, шилдгийн шилдэг сурагчаар Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулийн III сургуулийн сурагч Д.Мичидмаа, шилдэг эцэг эхээр Өргөн сумын малчин Ш.Төмөрбаатар нар шалгарав.
Х.Эрдэнэбулган