Сууц өмчлөгчдийн холбоог шинэчлэн зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг сайжруулах, нэгдсэн зохион байгуулалтад оруулах, оршин суугчдын тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор тодорхой ажлыг зохион байгуулж байна.
Сууц өмчлөгчдын холбоо хуулийн дагуу ажилладаггүй, иргэдийн эрх ашгийг хохироодог гэх цөөнгүй санал хүсэлтийн дагуу энэ оны дөрөвдүгээр сарын 08-нд Сайншанд сумын хоёрдугаар багийн сууц өмчлөгчдийн хурлыг зохион байгуулж тус багт үйл ажиллагаа явуулдаг гурван холбоог нэгтгэж нэг холбоо байгуулахаар шинэчлэв.
Хоёрдугаар багт нийт 30 гаруй байрны 700 гаруй гишүүн бүртгэлтэй ч хуралд 100 гаруй гишүүн оролцсон байна. Сууц өмчлөгч гишүүд шинээр байгуулсан Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийг 15 хүнээр, Хяналтын зөвлөлийг долоон хүний бүрэлдэхүүнтэй сонгожээ.
Сууц өмчлөгчдийн холбоог шинэчлэн зохион байгуулснаар нэгдсэн нэг удирдлагатай болж, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнд үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.
Х.Эрдэнэбулган