Д.Пүрэвсүрэн: Хүнээ олж өгч чадвал “Итгэлийн зээл” их чухал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Наран” багийн иргэн Д.Пүрэвсүрэн “кузов” засвар ажиллуулдаг бөгөөд олон төрлийн тоног төхөөрөмж зохион бүтээжээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Та ямар мэргэжилтэй вэ ?
-Би 1980 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Засвар механикийн заводод гагнуурчнаар ажилд орсон. 1999 онд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон буюу “40 хувь” –д гарсан. Би үйлдвэрт ажиллаж байх үедээ хувиараа пийшин гагнах, 35-р баазын жолооч нарын машинд гагнаас хийх гээд олон ажил хийж явлаа. Хадам аавыгаа дагаж хөнгөн цагаан тогоо, шанага цутгах, тосоор саван хийх гээд олон зүйл сурч авсан. Өөрөө сэтгэж янз бүрийн юм хийсэн.
-Таныг их олон ажил санаачилсан гэж дуулсан?
-Бодож санаачилж явдаг их олон зүйл бий. Орос шилэн хүлэмж, портер машины тэвшийг гар аргаар өөрчилж бункертэй болгох, сургууль цэцэрлэгийн гадаа шаттай бункер барих гээд олон санаачилга гаргаж байсан. Эдгээрийг бүгдийг нь өөрөө санаачилж, зохион бүтээсэн гэхэд хилсдэхгүй. Даанч дэмжигддэггүй юм. Баян-Өндөр сумын өмнөх Засаг даргад портер машины тэвшийг гар аргаар өөрчилж бункертэй болгох санаагаа танилцуулсан. Эргээд холбоо барина гээд л чимээгүй болсон. Бусад санаануудаа дарга нарт танилцуулсан ч хэрэгжүүлсэн удаа байхгүй.
-Одоо нөхцөл байдал өөрчлөгдөх болов уу?
-Би ямар ч байсан энэ ажлуудаа орон нутгийн шинэ удирдлагуудад танилцуулна гэж бодож байгаа.
-Та болон тантай ижил санаачилга гаргадаг хүмүүст юу их хэрэгтэй байна?
-Дэмжлэг. Бизнес эрхэлж байгаа хүнд эргэлтийн мөнгө, урт хугацааны эргэн төлөлт болон төрөөс олгодог зээл тусламжийн хэмжээ их чухал байдаг. Монголд урт хугацааны зээл бий болгооч ээ гэж би урьд нь эрх бүхий хүмүүст нь хэлж байсан. Одоо Засаг дарга “Итгэлийн зээл” гээд ярьж байна лээ. Хүнээ олж өгч чадвал энэ их хэрэгтэй гэж бодож байгаа.
Б.Оюун-Эрдэнэ