Энэ онд 7 км үерийн далан шинээр барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Дулааны улирал эхлэхэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд, Яргуйт, Их-Залуу, Уртынгол, Говил багийн нутаг дэвсгэрт шар ус болон хур борооны ус ихээр тогтож гудамж, зам талбай усанд автдаг.
Дээрх багуудад нийт 6700 гаруй өрх оршин суудгаас 450 орчим нь үер усанд өртдөг гэж Хотын Захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал ярилаа. Тиймээс уг асуудлыг шийдэх зорилгоор тус албанаас Онцгой байдлын газартай хамтарч 7 км үерийн далан шинээр байгуулахаас гадна 4.2 км даланг сэргээх ажлыг эхлүүлээд байна. Одоогоор 4.2 км үерийн далан, сувгийг шинээр гаргаж 1.6 км даланг сэргээгээд байгаа ажээ.
Мөн дээрх байршлуудад үерт автаж шавар шалбааг үүссэний улмаас гудамжаар явган хүн болон авто машин зорчиход хүндрэл гардаг. Тиймээс дээрх багуудын 74 гудамж, байршилд 11.4 км шороон замыг сэргээх ажил хийгдэж байна.
Б.Оюун-Эрдэнэ