Дорноговийн Нэгдсэн эмнэлэг батлагдсан стандартын 50 хувьд хүрэхгүй хүний нөөцтэй ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-11 09:26:22

Дорноговь /МОНЦАМЭ/.Хүн ам  багатай хөдөөгийн аймгийг улсын нийслэлтэй  харьцуулашгүй хэдий ч эрүүл мэндийн салбарыг тойрсон тулгамдсан асуудлууд  байна.

65 мянга гаруй хүн амтай Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг батлагдсан стандартын дагуу 600 гаруй хүн ажиллах ёстой ч төсөвтөө багтааж тал хувьдаа ч хүрэхгүй орон тоотой ажилладаг. Эмнэлэг хавдрын нэг эмчтэй.

Нэг эмч нэлээд олон хүнийг үзэж эмчилгээ бичдэг. Тухайн эмч амралтаа аваад явчихвал оронд нь хэн ажиллах вэ? Нарийн мэргэжлийн эмч ядаж хоёроос гурав байж үзлэг оношилгоог чанартай хийж хэвших боломжтой гэж эмч өгүүлэв.

Стандартаар дотрын эмч гэхэд л бөөр, хоол боловсруулах эрхтэн, уушиг гээд төрөлжих учиртай гэнэ билээ. Нэг эмч өдөрт 20-30 хүний эрүүл мэндийг үзэж, эмчилгээ бичиж өгөх ёстой ч энэ тоо заримдаа 60-аас 70 болж нэмэгдсэнээр  эмчийн ачааллыг ихэсгэдэг аж.

Нэг хүнийг үзэх хугацаа дунджаар 15 минут байдаг бол уул өвчтөнийг үзэж, өвчний түүхийг сонсож, эм тариа бичиж өгсөөр байтал 30-аас 40 минут  болно. Ингээд дараагийн хүнийг үзэж эхэлнэ. Үзлэг хугацаандаа багтддаггүй.

Үүнээс болж үйлчлүүлэгчид бухимдаж эхэлдэг аж. Эрүүл мэндийн салбар босоо тогтолцоотой. Боловсон хүчин, хүний нөөц төсөв санхүүг салбарын яам хариуцдаг. Орон тоогоо нэмүүлэх, хөрөнгө санхүүгээ тодотгох талаар орон нутгаас  салбарын яамандаа хандаж  олон удаа удаа бичиг тоот  илгээдэг ч төдийлэн ахиц гардаггүй аж.

Эмчийн цалин дунджаар 500 мянга орчим байдаг бололтой. Алсын дуудлагад явж, хонон өнжин жижүүрлэж байж л  нэг сая орчим  төгрөг авдаг гэх. Ажлын нөхцөл байдлаас шалтгаалж уурлах бухимдах, стрест орох үе гардагийг үйлчлүүлэгч ойлгодоггүй гэж нэг эмч ярина лээ.

Гэтэл хүн ам багатай зэргэлдээх Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг 300 гаруй орон тоотой ажилладаг гэж эмнэлгийн удирдах ажилтан ярив. Баруун аймгуудын Нэгдсэн эмнэлэг үүнээс их орон тоотой ажилладаг байна. 

Орон нутгаас эрүүл  мэндийн салбарыг дэмжиж өөрийн эрх мэдлийн хүрээнд тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө, материаллаг эд зүйлсээр туслахаас бус асуудлыг шийдэх хэмжээний эрх мэдэл, төсвийн чадамж байдаггүй гэнэ.

Харьяалах нутаг дэвсгэрийнхээ асуудлыг өөрсдийнхөө оролцоотойгоор бие дааж шийдвэрлэж чадах тийм л нутгийн удирдлагатай байвал сум, аймаг жинхэнэ утгаараа хөгжих тухай хөдөөгийнхөн ярьж байна.

Эдийн засгийн, хүний нөөцийн асуудлаа өөрсдөө мэдэж, татвараа өөрсдөө тогтоодог байх тухай.Гэтэл одоогоор бүгдийг дээрээс шийдэж буй. Орон нутаг төсвөө мэдэж, хаана хэдэн хүн ажиллуулахаа өөрөө шийддэг байвал дэвшил гарах гэнэ. Эсвэл орон нутгийн нөхцөлд байдалд тохирсон орон тоо, төсөв санхүү, хүний нөөцийг шийдвэрлэж  өгөх  шаардлага нэн түрүүнд тулгарч буй.

Хүндрэл бэршээлээс хойш суулгүй Дорноговийн Нэгдсэн эмнэлэг санаачилга гаргаж иргэд эмчид үзүүлэхээр өглөө үүрээр дугаарладаг байсныг  халж, бүтэн өдөр дугаар олгодог болсон, шинжилгээний хариуг интернетээр явуулдаг болсон, эх хүүхдийн эндэгдэлгүй болсон гээд эмч, эмнэлгийн ажилтнуудын хүчин чармайлтаар  ахиц дэвшил гарчээ.

Эмч, болон эмнэлгийн ажилтны ажил үйлчилгээ, тэдний ёс зүйтэй холбоотой санал гомдол, сайшаал магтаал өдий төдийгөөрөө л хөвөрдөг.

Сайнаар дуурсуулах, саараар хэлүүлэх нь эмчийн хариуцлага, ажилдаа хандах хандлагын илрэл. Цагаан халад нөмөрч, тангараг өргөж, хүний амь хариуцан ажилладаг учраас л хүмүүс хариуцлага, ёс зүй, итгэл сэтгэлийг эмч нараас нэхдэг билээ.

Үхэл амьдралын зааг дээр байсан хүнийг босгоод авдаг байхад өвчнийг нь дийлэлгүй цөхрөнгөө бараад алддаг үе  эмч нарт бий. Сайн нь саараасаа илүү учир л хүмүүс амьдарч, эрүүл саруул болж, инээд хөөртэй алхаж явна.

Ажиллах боломжийг нь олгоод, цалин хангамжийг нь нэмээд, хариуцлагаа ч давхар нэхдэг байх нь зүйд нийцэх аж. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт тулгарч буй бэрхшээлийн зах зухаас дурдахад ийм буй.

                                                                                                                                                                   Х.Эрдэнэбулган

 

相关新闻