Стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг нийтлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-23 09:32:14

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс эрхлэн гаргадаг "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаар гарчээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолийг нийтэлжээ. “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “УИХ-аас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах...” гэсний “...томилогдсон...огцруулах...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” хэмээн Үндсэн хуулийн цэц үзжээ. УИХ уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж үзсэн юм.

Мөн дугаарт, Засгийн газрын тогтоолоор, Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг нийтэлсэн байна. Энэ жагсаалтад заасан барааг нийлүүлэх шаардлагыг тендерийн баримт бичигт тусгаж, жил бүрийн худалдан авахаар батлуулсан бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний биелэлтийг дараа оны 1 дүгээр сард багтаан үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж байхыг төсвийн ерөнхийлөн захирагчдад  энэ тогтоолоор үүрэг болгосон байна.

Дээрх жагсаалтад бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүн, савхин бүтээгдэхүүн, зам, барилгын бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн зэрэгт ямар бараа багтсаныг эмхэтгэлийн шинэ дугаараас танилцах боломжтой.

Түүнчлэн “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ыг баталсан Засгийн газрын тогтоолыг хавсралтын хамт нийтэллээ. Хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршиж байна. Харин Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5.3-т зааснаас бусад татварыг ил болгон мэдүүлэхтэй холбогдох харилцааг энэ журмаар зохицуулахгүй ажээ.

Мөн Төрийн байгууллага Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор  ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх, нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа хэрхэн мэдүүлэх, ямар алданги, торгуулиас чөлөөлөгдөх, ил болгосон мэдээллийг хэрхэн бүртгэх зэрэг асуудлыг журамласан байна.

Ч.Ариунболд

相关新闻