Манай боксчид 7500 ам.доллартай эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-12 16:59:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг Үндэсний шигшээ багийн албаны дарга, Ардын багш Ч.Насантогтох, Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан нар өнөөдөр  хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

Монголын боксчид хилийн чанадаас 7500 ам.доллартай эх орондоо ганзага дүүрэн ирлээ. МБХ-ны насанд хүрэгчид болон залуучуудын шигшээ багийн 11 тамирчин Тайланд, Болгар улсад болсон олон улсын тэмцээнд оролцоод лхагва гарагт Улаанбаатар хотноо ирэв.

Бангкок хотод Тайландын эзэн хааны цомын нэрэмжит сонирхогчдын боксын тэмцээн энэ сарын 2-10-нд болж олимпийн хүрэл медальт гавьяат тамирчин Д.Отгондалай алтан медаль хүртсэн юм. Тус тэмцээнд гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, Н.Мөнхсайхан нарын удирдлага дор 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д М.Гандулам, 56 кг-д О.Мөнхсайхан, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбаяр, 75 кг-д Ж.Отгонжаргал нар хүч, ур чадвараа сорьж Д.Отгондалай алт, Г.Ган-Эрдэнэ хүрэл медалийн эзэд болов. Дэлхийн шилдэг багууд урилгаар оролцдог тус тэмцээний шагналын сан нь 100 мянган ам.доллар бөгөөд манай баг тамирчид дөрөвдүгээр байрт шалгарч 7.5 мянган ам.доллараар шагнуулжээ.

Мөн залуучуудын шигшээ багийн таван тамирчин Софи хотод Европын боксын холбооны ерөнхийлөгч асан Эмиль Жейчевийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцоод ирлээ. Тэмцээнд С.Эрдэнэбат дасгалжуулагчийн удирдлага дор 49 кг-д Б.Буяндалай, 52 кг-д Ц.Мөнхбаатар, 56 кг-д Б.Төгөлдөр, 60 кг-д А.Хавдалмажид, 64 кг-д Э.Шижирбаатар нар тулалдаж Б.Буяндалай, Б.Төгөлдөр нар мөнгөн медаль хүртсэн.

Тайландын эзэн хааны цомын тэмцээнд оролцсон манай баг тамирчид удахгүй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Д.Өлзий

相关新闻