С.Цэндсүрэн: Намайг хүүхдээ загнахаар өвгөн маань гараад явчихдаг байсан
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар./МОНЦАМЭ/. Монголын уран зохиолд од болон гялалзсан “Хүрэн морь” найраглалын “эзэн”, Монгол Улсын Төрийн шагналт, зохиолч Чойжилжавын Лхамсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Авьяас онгодоор цалгиж явсан их зохиолчийг 1979 онд насан эцэслэснээс хойш найман хүүхдийг нь өсгөсөн, түүний гэргий Сандагийн Цэндсүрэн гуайг энэ дугаарынхаа зочноор урилаа. Эдүгээ тэрээр 90 нас хүрч, үр ач нарынхаа хайранд энх тунх сууна аа.
-Үр ач өнөр өтгөн болсон уу, танайх ер нь хэдэн хүүхэдтэй айл вэ?
-Найман хүүхэдтэй. Наймуулаа элэг бүтэн аж төрж байна. Хамгийн том охин маань 74, хамгийн бага нь 52 настай. Би өөрөө 90 нас хүрч байна. Хүргэн, бэр, ач зээ нар нийлээд 70-уулаа болчихлоо. Энэ бүхэн өвгөний минь ач, буян юм гэж эдэндээ хэлдэг юм.
Хэдэн хүүхдээ хаана явна, тэнд л явах болдог юм байна. Охин Л.Чулуунчимэг, Л.Чулуунгэрэл хоёр маань гэр бүлээрээ АНУ-д байдаг юм. Манай хүргэн Баттөмөр онгоцны зардал даагаад намайг Америк үзүүллээ. Номхон далайг үзлээ. “Алтан хаалга” гүүр дээр явж үзлээ шүү дээ.
-Сайхан байна аа. Та өөрийгөө танилцуулах уу, ямар ажил төрөл эрхэлж байв?
-Би бол үндэсний малчин хүн. Долоо, найман настайгаасаа л хонь хариулж өссөн. Хонио хариулж явахдаа хонин дотроосоо харагддаггүй, хонь нь л яваад байдаг байсан гэдэг. Манай аав, ээж найман охинтой, хүүгүй улс байсан. Тэгээд би адуу манадаг, морь булгиулах зэргээр эрэгтэй хүүхдийн ажлыг ч хийдэг байлаа. Бага нас маань тэгж өнгөрсөн.
Эцэг эх маань мал маллуулна гээд хүүхдээ сургуульд өгдөггүй байсан юм билээ л дээ. Хамгийн бага дүү маань 10 нас хүрээд сургуульд орлоо. Тэр үед сургуульд оруулахгүй бол болохгүй болсон юм байлгүй. Би дүүгээ аваад, хот орж ирээд хөгшинтэйгөө танилцсан. Тэгээд л хотын айл болсон юм.
- Их зохиолчийн тухай сонин сайхныг хуучлах хүн бол таныг гэж их олзуурхаж байгаа шүү дээ. Ч.Лхамсүрэн гуай ер нь ямар хүн байв?
-Өвгөн бид хоёр 1940 хэдэн онд ханилсан. Хүүхдүүддээ их хайртай, муухай аашилж үзээгүй. Олон хүүхэд чинь шуугилдана, зодолдоно, янз бүрийн л юм болно доо. Намайг хүүхдээ загнахаар гараад гүйгээд явчихдаг байсан. Энэ Л.Чулуунпүрэвийгээ нэг гар дээрээ суулгачихаад, нөгөө гараараа араас нь түшээд явдаг байсан, одоо тийм зураг нь ч буй.
-“Маамуу нааш ир” дууны аяыг зохиохдоо Д.Лувсаншарав гуай охиныхоо аялсан содон аялгуунаас санаа авсан гэдэг юм билээ. Харин Ч.Лхамсүрэн гуай шүлгийг нь хэрхэн бичсэн юм бол?
-Манайх олон хүүхэдтэй болохоор, хүүхдийн зовлонг бүрэн мэддэг, ингэж тоглодог гэдгийг их сайн мэддэг хүн байсан. Ер нь манай өвгөн бүх хүүхэддээ шүлэг бичсэн юм шүү дээ. “Маамуу нааш ир” шүлгийг нь авч Д.Лувсаншарав ая хийсэн. Энэ дууг Д.Лувсаншаравын охин Халиунсүрэн эд нар өөрийнхөө аав руу л илүү явуулах гээд /хамаатуулах гэсэн утгаар хэлэв бололтой, сурв/ байдаг улсууд байгаа юм.
-“Морь унаж давхия, машин барьж явъя” хэмээн дуулдаг даа. Машин гэдэг гадаад үгийг оруулчихсан нь жаахан зохисгүй юм гэж Ч.Лхамсүрэн гуай өөрөө ярьж байсан гэх юм. Энэ талаар та дуулж байв уу?
-Түүнийг бол ёстой мэдэхгүй. Яг энэ шүлгийг бичихэд /1955 онд/ манайх гурван хүүхэдтэй, манай хөгшин тэдэндээ их хайртай байсан.
-“Бороо бороо ороорой, Оросын маамуу ирээрэй” гэдэг үг энэ дууны дараа гарсан байж магадгүй. Тэр үед “маамуу” гэж тийм их хэлдэг болсон байв уу?
-Тийм юм байлгүй. Оросууд их ирж байсан үе болов уу. “Маамуу нааш ир” 1956 онд дуу болсон. Би чамд зураг үзүүлье. Өвгөн маань ертөнцөөс явсан болохоор ингэж эвлүүлж зураг болгосон. /Ч.Лхамсүрэн, Д.Лувсаншарав, В.Долгор гурвын зургийг харуулав, сур/.

-Түүх өгүүлэх сайхан зураг болжээ. Энэ дуу хүүхдээ хайрлаж өхөөрдсөн хоёр аавын сэтгэлээс бүтэж, В.Долгор гуайн хоолойгоор олны чихэнд хоногшжээ.
“Болор цом” наадмыг Баянхонгор аймагт зохион байгуулах тухай яриа байгаа юм аа даа?
-Саяхан Баянхонгороос хүмүүс ирж бидэнтэй уулзаад явсан. Энэ оны 12-р сард ч юм уу аймагтаа “Болор цом”-ыг зохион байгуулах зөвшөөрөл авах гэж хөөцөлдөж байгаа гэж байна билээ.
-Ханийн тань мэндэлсний 100 жилийн ойгоор өөр ямар ажлууд болох вэ?
- Өвгөн маань Баянхонгорын Баацагаан суманд төрсөн хүн шүү дээ. Бид нутагт нь суварга босгосон. Тэр суваргаа нээнэ. Хүүхдүүд маань хоёр ном гаргасан.
Өвгөний 60 насны ойг л хотод, бусад дөрвөн ойг Баацагаан суманд тэмдэглэсэн. Бид ойгоор нь дандаа очдог. Баацагаанд морь уралдуулж, бөх барилдуулан, бэсрэг наадам болдог юм. Тэнд нэрэмжит сургууль, гэр музей нь байдаг. “Хүрэн морь”-ны хөшөөг 90 насны ойд нь зориулж босгосон шүү дээ. Харин хотод “Маамуу нааш ир” нь хөшөөтэй болж шүү дээ.
-Төмөр замчдын сүлд дуу - “Ган зам”-тай нь нийлээд гурван бүтээлд нь хөшөө босгожээ. Ийм зохиолч ховор байх. “Хүрэн морь” найраглал нь өр өвдөм өгүүлэмжтэй. Энэ найраглалыг Өвөр Монголын радиогоор морин хууртай аялгуулан уншдаг гэсэн?
Ер нь бол 40-өөд номтой гэдэг юм. Тэдгээрээс “Хүрэн морь” –ийг бараг ээждээ зориулсан байх. Өөрөө тэгж өнчин үлдсэн хүн шүү дээ.
Энэ үед бидний дэргэд байсан охин Л.Чулуунпүрэв нь: Ээждээ зориулсан “Эх” гэдэг шүлэг бий. “Хүрэн морь” найраглалаар нь хөдөөгийн улсууд, Баянхонгор аймгийнхан анх “Ардын яруу найрагч” гэдэг цол хайрласан байхгүй юу.
-Төрийн шагнал авахаас өмнө нь гэсэн үг үү?
-Тийм.
- 40 нэлээд гарч байж хойно сурсан гэх юм. Хэдэн жил сурсан юм бэ?
-Төрийн шагнал авсны дараа, Москвад утга зохиолын дээд курст хоёр жил сурсан.
Л.Чулуунпүрэв охин нь: Жинхэндээ бол аав маань бага сургууль ч төгсөөгүй. Тэр үеийн улс голдуу тийм байсан юм билээ.
-Сургууль ном гэж яваагүй ч Төрийн шагналд хүрэх бүтээл туурвисан нь бахдам авьяас юм. Төрийн шагнал авсан тухай нь та дурсах уу?
- Төрийн шагналыг, урьдаас хөдөө, гадаа явж сурвалжлага хийж, зохиол бичиж байж авдаг байсан билээ л дээ. Манай том хүү овоо болсон байсан. Өвгөн маань вагон клубт томилолтоор ажиллаж, Бээжин ч хүрдэг байсан юм уу урагшаа, Москва ч ордог байсан юм уу хойшоо галт тэргээр том хүүгээ дагуулаад явдаг байсан.
Би чинь өөрөө хөдөөний, сургуульд соёлд сураагүй болохоор бүдүүлэг шүү дээ. Тэгэхэд тав дахь охин Л.Чулуунцэцэг маань гэдсэнд байсан. Өвгөн маань өөрөө, “Төрийн шагнал авах хүмүүс хөдөө явж, ном зохиол бичих ажилтай, тэгээд би урагш хойш яваад байгаа юм” гэж ярьдаг байсан. Төрийн шагналыг Д.Намдаг гуай, Ч.Чимэд энэ гурав нэг жил авсан шүү дээ.
Л.Чулуунпүрэв охин нь: Архив үзэхэд 1962 онд биш, бүр дээр үед аавыг маань Х.Чойбалсангийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлж байсан юм билээ. Улс төрийн шалтгаанаар ч юм уу хасагдсан. Улсууд хэлмэгдэл гээд байдаг юм. Яг хэлмэгдэл ч юу юм. Гэхдээ бас л нэг тиймэрхүү юманд орсон шиг байгаа юм. Тэгээд дахин нэр дэвшиж байж Төрийн шагналыг 1962 онд авсан. Төрийн шагналыг өмнө нь Х.Чойбалсангийн нэрэмжит шагнал гэдэг байсан юм билээ.
-1962 оноос Төрийн шагнал нэртэй болж, энгэрийн тэмдэгтэй болсон гэдэг юм билээ. Тэр үед төрийн шагнал аваад яаж тэмдэглэж байв?
-Засгийн Ордоны баруун талд нэг ресторонд бүгдээрээ тэмдэглэсэн л дээ.
-Дээр үеийн зохиолч нар мундаг цалин авдаг байсан гэсэн. “ Хүрэн морь”-ийг бичсэн том зохиолчийнх амьдрал сайн байсан байх?
-Тийм юм юу байх вэ. Нэг нь малчин, өвгөн маань өнчин, төрсөн ах дүүгүй, ийм хоёр хүн л нийлээд амьдарсан. Нээх их сүртэй байгаагүй дээ.
-Чойжилжав хэмээн овоглодог нь өсгөсөн хүн юм билээ, тийм ээ?
-Өвгөний ээж нь Чойжилжав гэдэг айлд зарц байгаад өвчин тусаад өөд болсон юм билээ. Тэр Чойжилжав нь эрдэм номтой хүн байсан юм байлгүй, “Хуучин бичиг заалгадаг, малыг нь малладаг байсан. Мал маллаж явахдаа шилбүүрээр цасан дээр юм бичээд явдаг байсан” гэж өвгөн ярьдаг байв. Тийм л багын авьяастай хүн байж л дээ.
Тэр үед урлагийнхан бригадаар хөдөө явдаг байж. Хонь хариулж явахдаа урлагийн баригадынхан тааралдахад, айлд морио орхичихоод, машинд нь суугаад хотод ороод ирсэн. Тэгээд ямар ч хамаатан байхгүй хүн чинь гудамжаар тэнэж явтал, нэг эмэгтэй “Манайд оч” гээд гэртээ аваачсан юм гэсэн. Тэр хүн дэмжиж барьсан юм уу, Худалдааны техникумд орсон. Тэгээд түүнийгээ төгссөн юм уу, үгүй юм уу бүү мэд, цэрэгт явсан хүн юм билээ л дээ. Өөрөө аргагүй авьяастай хүн болоод л зохиолч болсон байгаа юм.
-Яаж анх зохиол бичиж эхэлсэн юм бол?
- Цэргийн алба хааж ирээд Үйлдвэр комбинатад бор эсгий гутал хийж байсан юм билээ. Цэрэгт байхдаа шүлэг бичээд “Улаан Од” сонинд хэвлүүлдэг байж л дээ. Д.Сэнгээ гэж Зохиолчдын Хорооны дарга байв. Тэр хүн шүлгүүдийг нь олж үзээд, “Энэ хүн ер нь юм хийж чадах хүн байна” гэж дуудаж, Зохиолчдын Хороонд шууд авсан юм билээ.
-Харин та хоёр яаж танилцаж байв?
-Манай хөгшин өөрийн гэр орон байхгүй хүн болохоор хөгшин аав, ээжтэйгээ амьдардаг улсынд цалин мөнгөө өгчихөөд суудаг байсан юм билээ. Би дүүтэйгээ хотод ирээд байсан. Ц.Уламбаяр гэж Архангайн зохиолч байсан юм. Тэдний хөгшин нь Чимэд гэдэг хүүхэн байлаа. Бид хоёул ажилгүй, хороо хорины ажилд хамт явдаг байв. Тэгж байсан, “Чи одоо ханьтай болохгүй юм уу, их сайн хүн манайд байгаа” гээд байсан. Тэгээд тэднийд очсон, нээх таалагдмааргүй янзын л, туранхай, цоохор хүн сууж байсан. “Ямар сайн хүн гэж бодож байна чи, ийм сайн хүн олдохгүй” гээд л загнаад байх. Чимэд гуай ер нь хэл амтай хүн л дээ. Хоёуланг нь маань “Нэг нь тийшээ, нөгөө нь тийшээ байх юм” гээд бас загнана. Тэгж ярьж хөөрч, ойртсоор байгаад л айл болсон. Хөдөөний хүн чинь амьдрахыг л бодно уу гэхээс, өөр энэ тэрийг мэдэхгүй цаг үе байлаа.
Би ер нь даруу, олон үггүй хүн байсан. Хөгшин маань ч тийм хүн шүү дээ. Хүүхдүүддээ ч юм хэлдэггүй, том улсуудтай нээх сүйд болоод байхгүй, харин хөдөөний хүмүүстэй яриад сууж байдаг. Ямар сайндаа нутагтаа очоод нутгийнхаа хонь хариулдаг ч гэл үү нэг хүнтэй моринд нь сундалчихсан явж байсан гэсэн яриа байдаг юм. Хүнтэй муудалцах, хүнийг муу хэлэх, гоёж гоодохыг мэдэхгүй, нэг юм өмсчихвөл түүнтэйгээ л явж байна.
-Бурхан хүртэл атаархмаар шударгуу хүн байсан хэмээн зохиолчид дурсдаг юм билээ. Зохиолоо ер нь яаж бичдэг байв?
-Манайх олон хүүхэдтэй болсон байсан. Гадуур хэд хоног л явж байгаад, нэг өдөр л “Би зохиолоо бичнэ, миний хүүхдүүд хүн битгий оруулаарай” гэв. Хүн ирвэл хүүхдүүд нь “Аав байхгүй” гээд хаалгаа тавьж өгдөггүй. Тэгээд л хоёр гурав хоног сууж байгаад бичээд дуусгачихдаг. Урьдаас төлөвлөөд, дотроо бэлэн болгон, яг дуусах болохоор нь ширээндээ суугаад бичдэг юм байна гэж би боддог юм.
Манайх 1-р 40 мянгатад байсан. Галт тогоондоо нэг модон ширээ, нэг муу матмал сандалтай. Тэндээ суучихаад л бичээд байна. Хүүхдүүд нь шуугилдаад л. Манайх хүргэнтэйгээ нийлээд 13-уулаа хүртэл бужигнах үе байлаа шүү дээ .
-Хоёр өрөө байрандаа?
-Тийм. Тэгээд л зохиолоо бичээд сууж байна. Юм идмээр бол нэг саванд ус хийчихээд жаахан мах хөшиглөөд хийчихнэ. Тэгээд шөлийг нь уучихаад л бичээд байна даа.
-Ямар хүмүүстэй найзалж нөхөрлөх үү?
-Цуг наргидаг Ц.Гайтав, Ч.Чимэд, С.Эрдэнэ байна. Д.Пүрэвдорж чинь манайд донхойгоод л ороод ирдэг байлаа. Б.Явуухулан ч манайд байж л байлаа. Д.Гармаа ч орж ирдэг л байсан.
-Том зохиолчид цуглахаараа аяга тагш юмтай, дуу шуу ихтэй байцгаах уу?
-Өө тэгэлгүй дээ, арай ч зүгээр суухгүй. Нэлээд халчихсан, бие биенээ шүүмжлэх нь шүүмжлээд, магтах нь магтаад л бужигнацгаадаг байсан. Манайх чинь олон хүүхэдтэй болохоор хичнээн олон хүн орж ирсэн ч тоохгүй л дээ.
-Өвчнөөр өөд болсон уу, юу болсон бэ?
-Харин нэг тийм юм болсон юм даа. 1978 онд байх аа, Зохиолчдын хурал болсон юм. Тэр хурал дээр “Ардын яруу найрагч” цол өгнө гэсэн яриа гарсан. “Ууж иддэг хүнийг энэ тэр” гэсэн яриа гарч, тэгээд өгөөгүй. Түүнээс хойш хоолондоо дургүй, нойрондоо муу болоод эхэлсэн. Тэгээд л суларч доройтсоор байгаад 1979 онд явчихсан.
-Сэтгэлээр мөн их унаж дээ?
-Яах аргагүй л гомдсон юм уу, сэтгэл санаагаар унасан юм даа. Хоёрдугаар эмнэлэгт ч хэвтэж эмчлүүлсэн. Тэр үедээ тэр том эмнэлэг олигтой эмчлэх юм байгаагүй юм уу, яасан юм, дээрдээгүй дээ.

-Найман хүүхэд нь ямар мэргэжилтэй, юу юу хийдэг хүмүүс болсон бэ?
-Ер нь охидууд маань бүгд дээд сургууль төгссөн. Том охин маань биологич. Хоёр дахь охин энэ Л.Чулуунпүрэв маань Геологийн төв лабораторид лаборантаар олон жил ажиллаад тэтгэвэрт гарсан. Тав дахь охин маань Худалдааны дээд төгссөн. Одоо Эрдэнэтэд, Хаш-Эрдэнийх гэж айл бий. Эднийх маань Москвад хэдэн жил болоход би бас тэнд очиж цагаан сар хийж байлаа. Америкт байдаг хоёр охин маань нэг нь багш, нөгөө нь Германд сургууль төгссөн. Бага охин маань Ленинградын багшийн дээд төгссөн. Харин хоёр хүүгийн маань бага нь гарын дүйтэй, мужаан. Том нь бараа бааз гэж байхад, тэнд хорин хэдэн жил “ЗИЛ 130” машин барьсан.
Том хүргэн Цэдэн-Иш маань оюутан байхдаа манайд ирж том охинтой маань ханилсан юм. Манай том хүргэн Цэдэн–Иш Буриадын болон Монголын гавьяат эмч. Бөөрний эмч байсан, одоо тэтгэвэрт. Циркийн зүүн талын “Цэпү” гэдэг эрэгтэйчүүдийн эмнэлэг чинь “Цэ” нь манай хүргэний, “Пү” нь охин Пүрэвсүрэнгийн маань нэр шүү дээ.
-Ер нь охидууд маань бүгд дээд сургууль төгссөн. Том охин маань биологич. Хоёр дахь охин энэ Л.Чулуунпүрэв маань Геологийн төв лабораторид лаборантаар олон жил ажиллаад тэтгэвэрт гарсан. Тав дахь охин маань Худалдааны дээд төгссөн. Одоо Эрдэнэтэд, Хаш-Эрдэнийх гэж айл бий. Эднийх маань Москвад хэдэн жил болоход би бас тэнд очиж цагаан сар хийж байлаа. Америкт байдаг хоёр охин маань нэг нь багш, нөгөө нь Германд сургууль төгссөн. Бага охин маань Ленинградын багшийн дээд төгссөн. Харин хоёр хүүгийн маань бага нь гарын дүйтэй, мужаан. Том нь бараа бааз гэж байхад, тэнд хорин хэдэн жил “ЗИЛ 130” машин барьсан.
Том хүргэн Цэдэн-Иш маань оюутан байхдаа манайд ирж том охинтой маань ханилсан юм. Манай том хүргэн Цэдэн–Иш Буриадын болон Монголын гавьяат эмч. Бөөрний эмч байсан, одоо тэтгэвэрт. Циркийн зүүн талын “Цэпү” гэдэг эрэгтэйчүүдийн эмнэлэг чинь “Цэ” нь манай хүргэний, “Пү” нь охин Пүрэвсүрэнгийн маань нэр шүү дээ.
Ярилцсан Б.Хандмаа