У Сун: Өсвөрийн бүжигчдийн хамтарсан тоглолт хоёр орны соёлын харилцаанд чухал нөлөөтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Солонгосын өсвөрийн сонгодог бүжигчид Монголын тайзнаа энэ сарын 19, 20-нд бүжнэ. Монголын балетын урлагийн холбоо, Монголын балетын хөгжил сан хамтран Монгол, Солонгосын өсвөрийн балетын бүжигчдийн “Spirit of ballet” хамтарсан тоглолтыг зохион байгуулах гэж буй талаар өнөөдөр БНСУ-ын ЭСЯ-ны байранд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэхүү тоглолт нь балетын урлагаар дамжуулан хүүхдэд эрүүл амьдрах ухаан, урлагийн үнэ цэнийг ойлгуулах, Монголын ирээдүйн балетын урлагийн мэргэшсэн боловсон хүчин, урлагт хайртай балетын урлагийг ойлгодог үзэгчдийг бэлтгэх зорилготой юм.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун: БНСУ-ын өсвөрийн сонгодог бүжигчдийн төлөөлөл Монгол Улсад анх удаа айлчлан тоглолт хийх гэж байгаа нь өндөр ач холбогдолтой. Энэхүү тоглолт нь залуу балетчид хоорондоо танилцан найзалж нөхөрлөөд зогсохгүй хоёр улсын соёлын харилцаанд чухал нөлөөтэй. Цаашид хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Манай ЭСЯ-наас ирэх тавдугаар сард “Солонгосын долоо хоног”-ийг зохион байгуулна. Тухайлбал, “Солонгосын талаар хэн сайн мэдэх вэ? асуулт хариултын тэмцээн, кино өдөрлөг, загварын шоу, К-попын урьдчилсан шалгаруулалт болохоос гадна Солонгосын алдартай хамтлаг Монголд ирнэ. Эдгээр арга хэмжээнд хүүхэд залуусыг өргөнөөр оролцохыг урьж байна.

“Солонгосын өсвөрийн балетын одод” компанийн захирал Жу Ми Сун: Энэ тоглолтод БНСУ-аас 10 бүжигчин оролцоно. Монгол, Солонгосын өсвөрийн сонгодог бүжигчид анх удаа хамтран тоглож буйгаараа онцлогтой. Дараагийн хамтарсан тоглолтоо Солонгост хийхээс гадна өөр улсад тоглох төлөвлөгөөтэй байгаа. Монгол хүүхдүүд өмнө нь Солонгост сургалтад хамарч байсан. Монгол балетчин эрэгтэй хүүхдүүдийн бие бялдар маш чийрэг, чадварлаг, цаашид өсөн хөгжих боломжтой нь харагдсан. Энэ удаагийн тоглолтод нэг уран бүтээлийг хоёр орны хүүхдүүд хамтран тоглохоос гадна тус тусдаа тоглолт үзүүлнэ” гэв.
Энэхүү гала тоглолтод БНСУ-ын өсвөрийн балетын оддын хамтлаг, УДБЭТ-ын залуу жүжигчид, Монголын Үндэсний балет сургууль, ХБК-ийн сурагчид оролцох юм. Ерөнхий ивээн тэтгэгчээр “Төгөлдөр сан” ажиллаж байна.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал