Эрдмийн баярыг амралт цэнгээний газарт тэмдэглэхгүй байхыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-04-17 17:56:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Боловсролын газраас ЕБС-ийн “Эрдмийн баяр”-ыг хот дүүргийнхээ түүх соёлыг сурталчлан, тэдний авьяас сонирхлыг хөгжүүлэн, суралцах хугацаандаа сурсан мэдсэнээ багш, эцэг эх, хамт олон, найз нөхөд, залгамж үедээ тайлагнаж сурталчлах ажлыг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор зөвлөмж гаргалаа.

Төгсөлтийн баярын арга хэмжээг 5, 9, 12 дугаар ангийн сурагчдын дунд эрдмийн баяр, хийсэн бүтээсэн ажлын тайлант өдөрлөг болгон тэмдэглэн өнгөрүүлэх чиглэлийг хүргүүлж байна.
 
“Эрдмийн баяр”-ыг тэмдэглэхдээ сурсан мэдсэн, хийсэн бүтээснээ тайлагнах тайлант өдөрлөг, боловсролын гэрчилгээ гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ болгон нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар дүүрэг бүр нэг өдөр зохион байгуулах, хүүхдийг осол гэмтэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор баярын арга хэмжээг хөдөө хээр, амралт зуслан, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулахгүй байх, архи, согтууруулах ундаа хэрэглүүлэхгүй байх, сурагчдаас зохион байгуулалттайгаар мөнгө хурааж авахгүй байх, эцэг эх, асран хамгаалагч, сурагчдад хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулахыг үүрэг болгов.

Мөн “Боловсрол төгөл”-д сургууль бүр 12 дугаар ангийн төгсөгчдийн нэрэмжит мод тарих, анги удирдсан багш нар төгсөх ангийн сурагчдад гэмт хэрэгт холбогдох, хэв журмын болон ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ярилцлага, уулзалтыг 4 сард багтаан зохион байгуулах, энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлсэн ажлын тайланг дүүрэг тус бүр нэгтгэн ирэх 6 дугаар сарын 09-ний дотор нийслэлийн Боловсролын газарт ирүүлэх юм.
 
“Эрдмийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх энэхүү зөвлөмж нь нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын бүх сургуулиудад хамаарах аж.
 
 
2016-2017 оны хичээлийн жилд нийслэлд төрийн болон төрийн бус өмчийн 225 сургуульд 233545 сурагч суралцаж байгаагаас энэ хичээлийн жилд бага боловсролыг 19127, суурь боловсролыг 14182, бүрэн дунд боловсролыг 15062, нийт 48371 суралцагч төгсөж байгаа юм.

Ж.Болор
相关新闻