Дулааны станц “дуншаа” ч үгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-18 15:59:19
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт дулааны станцыг концессын гэрээгээр барьж эхлээд долоон жилийн нүүр үзэж, ашиглалтад орох байтугай, “дуншаа” ч үгүй байна.
Аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар аймгийн Засаг даргын зөвлөл, ИТХ-ын Тэргүүлэгчдэд дулааны станцын барилга угсралтын ажлын явцын тухай танилцуулахдаа “Станцын угсралтын үйл ажиллагаа зохих норм, дүрмийн түвшинд явагдаагүй, ашиглалтын үеийн бэлтгэл бүрэн хангагдаагүй зэргээс гадна туршилт тохируулгын ажлыг ирэх сард багтаан эхэлж чадахгүй бол 2017 онд ашиглалтад орох боломж бүрдэхгүй байх магадлал өндөр байна” гэсэн дүгнэлтэд хүрлээ.

Аймгийн Засаг дарга концессын гэрээгээр хүлээсэн үүргийг станцын туршилт тохируулгын ажил эхлэхээс өмнө бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдсэн харин хөрөнгө оруулагч “Энержи палас” ХХК 2011, 2014 оны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэж үзсэн байна. Дулааны станц төслийн эхний ээлжийг 2014 оны 12-р сард, станцыг 2015-2015 оны халаалтын улирал эхлэхээс өмнө бүрэн хүчин чадлаар ашиглалтад оруулах байжээ.

Аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар дулааны станцын барилга, зуух, тоног төхөөрөмжийн угсралтын болон санхүүгийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөх хөндлөнгийн мэргэжлийн баг ажиллуулах, Монгол Улсын Засгийн газраас олгосон 3,0 тэрбум төгрөгийн зарцуулалтыг шалгах зэрэг саналыг аймгийн удирдлагад тавиад байна.
М.Батжаргал
相关新闻