Чөлөөт бөхийн тамирчид Ази тивийн АШТ-д оролцох эрхтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-19 11:12:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн Ази тивийн 2017 оны аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа оролцуулах хүсэлт мэдүүлгээ Биеийн тамир спортын газар, МЧБХ-ноос Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-нд удаа дараа албан бичиг явуулсны дүнд Монголын баг тамирчдыг уг тэмцээнд оролцох эрхийг сэргээсэн байна.

ДБНХ-ноос энэ сарын 14-ний өдөр МЧБХ-нд мэдэгдэл ирүүлж, энэ жилийн насанд хүрэгчдийн АТАШТ-д манай тамирчдыг оруулах боломжгүй болсон тухай мэдэгдээд байсан юм. Манай зарим дасгалжуулагч ирэх сард болох тус тэмцээнд өрсөлдөх тамирчдын мэдүүлгийг илгээгүйгээс энэ асуудал үүссэн байна. АТАШТ-ээс бөхчүүд энэ жилийн ДАШТ-д оролцох эрхээ авах учраас энэ тэмцээнд зайлшгүй оролцох шаардлагатай юм.

МЧБХ-ныхон сүүлийн жилүүдэд дотроо холбооны удирдах нөхөд болон багш дасгалжуулагчдын дунд өрнөсөн маргаан, зөрчил нь баг тамирчдын амжилт, бэлтгэл сургуулилтад сөрөг нөлөө үзүүлэх болсны нэг тод илрэл нь энэ үйл явдлаас тодорхой байгаа юм.
Д.Өлзий 
相关新闻