60 нас хүрэх гэж байгаа Спортын төв ордонг шинэчлэх цаг иржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос томилогдсон Ажлын хэсэг өчигдөр /2017.04.18/ энэ салбарын ажил байдалтай танилцав.
Ашиглалтад ороод бараг 60 жил болсон СТО-д жүдо бөх, чөлөөт бөх, бокс, хүндийн өргөлт, гимнастик зэрэг спортын тоноглол бүхий бэлтгэлийн долоон танхимд үндэсний шигшээ баг болон өсвөр залуу тамирчид тогтмол бэлтгэл сургуулилт хийдэг. Тэдний энэ бүх спорт танхим стандартын шаардлага хангахгүй, агааржуулалтын системгүй, барилгын хана, таазнаас эхлээд үнэхээр элэгдэж засварлах боломжгүй болсныг төр анхааралдаа авч шинэ ордон барих асуудлыг даруй шийдвэрлэхгүй бол тамирчдын амжилт, эрүүл ахуй, аюулгүй байдалд эрсдэл учруулах хэмжээнд хүрсэн нь тодорхой харагдаж байв.
Ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Спортын төв ордон /СТО/-д зочилж, спорт холбоодын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж шигшээ багийн бэлтгэл сургуулилтын заал, танхимаар орж, БТСГ-ын удирдах албаны хүмүүс болон багш, дасгалжуулагч, тамирчидтай уулзлаа. Тус уулзалтад УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар болон БСШУС-ын Дэд сайд, Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн дарга Ё.Отгонбаяр нар байлцлаа. Уулзалтаар спортын холбоодын төлөөлөл Ажлын хэсгийн гишүүдэд хандан Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн юм. Ажлын хэсгийн гишүүд СТО-ы өнөөгийн байдал, тамирчдын бэлтгэлээ базаадаг орчин, нөхцөл ямар байгааг сонирхлоо.
Тэд шийдвэрлэх олон асуудал байгааг үзэж харсан бөгөөд чөлөөт бөхийн бэлтгэлийн танхимд засвар хийгээд ч нэмэргүй болсныг чөлөөтийнхөн анхааруулж байв. Спорт холбоод өөрсдийн хөрөнгөөр засвар, үйлчилгээ хийдэг ч ганц хоёр сар болоод л асуудал үүсдэг нь СТО-ы барилга нэн хуучирсантай холбоотой гэдгийг тэд онцолсон юм.
Уулзалтын үеэр холбоодоос олимпийн төрлүүдэд багтдаг спортын төрлүүдийг цаашид нарийвчлан анхаарах, Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг томилохдоо холбоод шийдэх эсэхийг анхаарах, Шинжлэх ухааны ач холбогдлыг сайтар нэвтрүүлэх зэрэг санал дэвшүүлсэн. Мөн өсвөр үеийн бие бялдрын хөгжлийг анхаарах, дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт спортын төрлийг түлхүү оруулах, орон нутгаас ирсэн тамирчдын ахуй байдалд анхаарах, үндэсний шигшээ багт олон жил зүтгэсэн тамирчин, дасгалжуулагчдын нийгмийн хангамжийг сайжруулах, ашиглалтын шаардлага хангахгүй болсон СТО-ыг анхааралдаа авч шийдвэрлэж өгөхийг гишүүдээс хүсч байв.
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “1958 онд баригдсан, МХЕГ-аас актлагдсан байранд тив, дэлхийн аваргууд хичээллэж байна. Засгийн газар шинэ спортын ордон байгуулах талаар зураг төсөл хийлгэсэн ч эдийн засаг хүндрэлтэй байгаа үед 120 тэрбум төгрөгөөр шинэ ордон барих боломжгүй. Бид энэ асуудлыг шийдвэрлэх талаас нь дүгнэлт гаргаж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна. Ажлын хэсэгт спортын холбоодууд саналаа бичгээр дахин өгөх хэрэгтэй. Ажлын хэсэгт УИХ-ын спортод элэгтэй гишүүдийг оролцуулах болно.” гэв.
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах өөрсдийн саналыг цаашдаа Ажлын хэсэгт бичгээр өгөх боломжтойг УИХ-ын гишүүд хэлж байв.
Д.Өлзий