Асашёорюү Д.Дагвадорж аварга, монгол тулаанчдаа дэлхийд таниулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-24 14:25:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж Монголын холимог тулааны шилдэг тамирчдыг дэлхийн тавцанд гаргаж, эр зориг, эрч хүч, ур чадварыг нь таниулах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж туслахаар шийджээ.

Тэрбээр Монголын холимог тулааны “Зэв” холбоонд “Капитан” буюу ахмад нь болж тулааны спортын тамирчдаа дэлхийн тулааны урлагийн мэргэжлийн өндөр түвшинд гаргаж ажиллах юм. “Зэв” холбооноос өнөөдөр мэргэжлийн кикбоксын 64, 67 кг жингийн ангилалд Монголын шилдэг найман тулаанч оролцох "Zev fight night-1" халз тулааныг АСА циркт тавдугаар сарын 6-нд зохион байгуулах гэж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийж зарласан юм.



Энэхүү халз тулаанаас шалгарсан хоёр тамирчин ирэх тавдугаар сарын 28-нд  Япон улсад болох “Stand fightuing network K-ing”  тэмцээнд эх орноо төлөөлөн дэлхийн шилдгүүдтэй тулалдах эрх авах юм. Энэхүү олон улсын тэмцээнийг мэргэжлийн кикбоксын К-1-ийн хүнд жингийн дэлхийн дөрвөн удаагийн аварга Эрнесто Хоостын нэрэмжит Hoost Cup болон Японы Kickboxing Promotion Assosiation байгууллага хамтран зохион байгуулна. Харин Улаанбаатарт болох манай шилдгүүдийн тулааныг олон улсын К-1-ийн мэргэжлийн хоёр шүүгч ирж шүүнэ.  Тус тэмцээний хүндэт зочноор  алдарт тамирчин Эрнест Хоост ирж Монголын тамирчдад зөвлөгөө өгөх семинар-уулзалт болно.


“Зэв” холбооны гүйцэтгэх захирал Б.Баярбямба  "Манай тулааны тамирчид тогтмол бэлтгэл сургуулилт хийдэг ч Монголд тулааны спортын тэмцээн уралдаан цөөн зохион байгуулдаг. Иймд уг спортыг хөгжүүлэх зорилгоор жилийн өмнө бид нэгдэж "Зэв" холбоог байгуулсан. Асашёорюү аваргатай сошиал нийгмийн сүлжээгээр холбогдоход "Би гадаад дотоод орчинд холбоо харилцаатай байдаг боломжоо ашиглан тэмцээн уралдаан зохион байгуулахад та бүгдийг дэмжинэ” гэсэн.


Харин Их аварга Д.Дагвадорж "Зэв холбоонд капитан буюу ахмадаар ажиллан монголын залуу тамирчдаа дэмжих байдлаар оролцож байна. Асашёорюү нэрийг ашиглаж Team Asashoryu  нэрээр оролцвол илүү хүртээлтэй, илүү олон хүний сонирхлыг татах болов уу. Дөрөвдүгээр сарын 1-нд Японоос энэ тэмцээнд хоёр тамирчин оролцуулна уу гэсэн санал ирсэн. Монголын залуучуудаа тулааны урлагаар дамжуулан дэлхийд гаргана гэдэгт итгэж байна. Цус үзсэн тулаан биш хүнлэг, ёс зүй, монгол хүний эрхэмлэх чанаруудыг гол зорилгоо болгосон нь тун сайн.  Нийт тамирчдаа дэмжээд шилдгүүдээ тодруулна. Монголчуудаа дээш нь гаргах, тив дэлхийд нэрээ цуурайтуулсан тамирчдыг бэлтгэх нь бидний гол зорилго " гэлээ.


”АСА” циркт болох тэмцээнд оролцох тамирчдыг танилцуулахад, 64 кг-д эхний хос “Ирээдүй ММА клуб”-ын дасгалжуулагч Д.Батгэрэлтэй “Heroes” клубын Н.Бат-Эрдэнэ нар тулалдах бол дараагийн хосоор “Гаруда ММА” клубын тулаанч Б.Гантогтохтой “One Team” клубын Г.Энхбаяр нар халз тулах юм.


Харин 67 кг жингийн ангилалд “Ирвэс” клубын тамирчин Н.Отгонбаатарын эсрэг “Мандал файтинг” клубын тамирчин Г.Мөнх-Од хүч үзэх бол энэ жинд “Бурхан халдун” клубын тамирчин А.Мөнхбаатартай “Ихэр бээлий” клубын тамирчин Э.Батбаяр тулалдах юм. Тэднээс ялсан хоёр тамирчин “Stand fightuing network K-ing”  тэмцээнд хүч үзэхээр Япон орныг зорино.

Д.Өлзий 
相关新闻