Манай дөрвөн жүдоч өнөөдөр барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ганцхан цагийн дараа Унгарын Будапешт хотод эхлэх гэж байна.
ДАШТ-ийг гурав дахь удаагаа хүлээн авч буй тус хотод 93 орны 556 жүдо чуулжээ. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан өнөөдөр болно. Дээрх хоёр жинд манай улсаас дөрвөн тамирчин зодоглохоор Унгарын алдарт боксчин, олимпын гурван удаагийн аварга Ласло Паппын нэрэмжит ордонд бэлтгэлээ базааж байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Наранцэцэг, Ж.Анударь, эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд, олон улсын хэмжээний мастер К.Ёолк нар барилдах юм.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д 42 бөх барилдахаар бүртгүүлсэн бөгөөд Г.Наранцэцэг “А” хэсэгт эхний тойрогтоо Хятадын бөх Шинран Хуйтай барилдана. Ялбал түүнийг Мальтагийн Катрина Эспосито хүлээж байна. Харин Ж.Анударь эхлээд Вьетнамын Ты Тин Хоангтай барилдахаар сугалаа татав.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 60 кг-д 36 бөх мэдүүлэг өгсөн бөгөөд К.Ёолк эхний тойрогт АНУ-ын Жонатон Янгтай таарлаа. Ялсан тохиолдолд ДАШТ-ий мөнгө, хүрэл, олимпын мөнгөн медальт, Тайванийн Ян Юүвэйтэй барилдах юм. Э.Ариунболдын эхлээд Германы Максимлиан Хейдертэй таарлаа. Түүнийг ялахад Узбекистаны Бахром Ботуров хүлээж байна.