"Залуу малчдаа дэмжих" аяны хаалт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга өнгөрөгч бямба гарагт Сүхбаатар аймагт ажиллалаа. Тэрээр өөрийн санаачилсан "Залуу малчдаа дэмжих" аяны хаалтын үйл ажиллагаагаа хамгийн сүүлийн аймаг болох Сүхбаатар аймагт хийсэн юм. Энд ажиллах хугацаандаа аймгийн засаг дарга З. Энхтөртэй уулзаж цаг үеийн асуудлаар санал солилцож, цаашид хамтран ажиллахаар боллоо.
“Залуу малчдаа дэмжих аяны хүрээнд би болон манай баг хамт олон 20 аймагтаа ажиллаад дууссан. Хуваарь ёсоор Сүхбаатар аймагт эрт ирэх байсан ч малын өвчин гарсантай холбоотойгоор хойшлогдсоор өнөөг хүрлээ. Гэхдээ бид аяныхаа хаалтыг Сүхбаатар аймагт хийх ёстой байж хэмээн ихэд бэлгэшээж байна. Сүхбаатар аймаг ирэх дөрвөн жилд хэрхэн хөгжих ерөнхий төлөвлөгөөг сонслоо. Аймгийн засаг дарга З. Энхтөр орон нутгийнхаа ажилгүйдлийн тал дээр онцгойлон анхаарч ажиллахаар болсон нь сайшаалтай. Шинэ үйлдвэрүүд байгуулж, ЖДҮ-ийг дэмжих замаар ажлын байр олноор бий болгохоор төлөвлөсөн байна. Хэдий би Хэнтий нутгийн унаган хүү ч гэлээ Монгол Улсын нийт ард иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой. Тиймээс Сүхбаатар аймгийнхаа удирдлагуудтай хамтарч, тэднийг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж байна...” хэмээн УИХ-ын Д.Гантулга хэллээ.
Тэрээр тус аймагт ажиллах хугацаандаа төрийн албан хаагчидтай уулзаж, “Төрийн албан хаагчдын манлайлах чадвар” сэдвээр лекц тавьсан. Энэ үеэрээ төрийн албан хаагч болон улс төрийн албан хаагчдыг ялгааг сайжруулах, төрийн албаны шалгуур үзүүлэлтийг нэмэгдүүлэх, мөн төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг дээшлүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм. Үүнийг нь ч төрийн албан хаагчид дэмжиж байлаа.
Харин үүний дараа ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад “Мэргэжил сонголт буюу ажлын гараа, эрсдлээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт лекцийг уншиж танилцуулсан юм.
Т. Одончимэг