"Шувуухай-2017" наадамд 350 гаруй хүүхэд оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн авъяасыг дэмжих, урамшуулах, тэдгээрийг олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулдаг хүүхдийн урлагийн "Шувуухай-2017" наадам амжилттай болж өнгөрлөө. Тус наадамд аймгийн төвийн 10 цэцэрлэг, сумдын 11 цэцэрлэг гээд нийт 21 цэцэрлэгийн 350 гаруй хүүхэд багачууд оролцон, авъяас билгээ сорьсон байна.
“Шувуухай наадам нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг. Тэр утгаараа оролцогчдын бэлтгэл илүү чанаржиж, асар их өрсөлдөөнтэй болдог болсон. Үүнийгээ дагаад бид ч зохион байгуулалтаа сайжруулж, шинэлэг зүйлийг санаачлах шаардлагатай болж байгаа юм. Энэ бол маш том үр дүн. Энэ удаагийн тэмцээн үнэхээр амжилттай, сайхан болж өнгөрлөө. Бяцхан хүүхдүүд гэдэг утгаараа бид хүүхэд бүрийг баярлуулах, урамшуулахыг хүссэн. Энэ ажил маань ч биеллээ олсонд үнэхээр их баяртай байна. Гэхдээ нэг зүйлийг зориуд цохон тэмдэглэмээр байна. Ер нь аливаа тэмцээн уралдаан тэр дундаа хүүхдийн тэмцээнийг шүүнэ гэдэг асар хэцүү. Ямар ч тэмцээн уралдааны дараа эцэг эхчүүд, багш нар маань үргэлж шүүлтийн талаар хэл ам гаргадаг. Үнэхээр тухайн хүүхэд авъяастай, шилдэг нь байж чадсан л бол бид түүнийг гаргах л хэрэгтэй. Харин хүүхдийнх нь бэлтгэл хангалтгүй, ямар нэгэн алдаа дутагдалтай байгаад муу оролцсон бол тэр нь тэдний асуудал. Бид шүүлтэн дээр ямар нэгэн луйвар хийдэггүй. Хийх ч учиргүй. Яагаад гэвэл энэ бол балчир хүүхдийн наадам. Бидэнд хүүхдүүдээр наадаад суух эрх байхгүй шүү дээ. Өнгөрсөн сард Уран жиргээ наадмын дараа мөн л ийм асуудал үүссэн. Харин тус наадамд амжилттай оролцсон хүүхдүүд улсын наадамд яваад гран при шагналыг нь авчирсан. Энэ бол шүүгчдийн мэргэн шүүлт буруу байгаагүй гэдгийн нэг тод жишээ. Тиймээс хойшид манай эцэг эхчүүд, багш нар энэ тал дээр анхаараасай. Ийм муу зүйлээр хүүхдүүддээ үлгэр дууриал үзүүлмээргүй байна...” хэмээн аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Балжинням хэллээ.
Энэ удаагийн наадмыг аймгийн засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга З.Энхтөр наадмыг ивээн тэтгэж, наадамд оролцосн хүүхэд бүрт дурсгалын энгэрийн тэмдэг гарын бэлэг, бүх цэцэрлэг таван нэр төрлийн тоглоом, сум бүрээс нэг авъяаслаг хүүхдийг шалгаруулж аймгийн засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулсан нь энэ удаагийн наадмын онцлог байлаа.
"Шувуухай-2017" наадам нь хамтлаг дуу, хамтлаг бүжиг, гоцлол дуу, бүжиг, ардын дуу гэсэн таван төрлөөр явагдсан байна.
Т. Одончимэг