"Шинэ бүтээл-Хүмүүс-6" үзэсгэлэнгийн шилдэг бүтээлүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-04-27 10:21:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сангаас жил бүр зохион байгуулдаг "Шинэ бүтээл-Хүмүүс-6" үзэсгэлэнд 80 гаруй гэрэл зурагчны 700 гаруй зураг ирснээс 40 гэрэл зурагчны 47 гэрэл зураг шалгарлаа.

Эдгээр гэрэл зургаар өчигдөр Хүннү моллд байрлах Гамма галерейд үзэсгэлэн нээж, шилдгүүдийг тодруулав.

Энэхүү баримтат гэрэл зургийн үзэсгэлэн нь энэ төрлөөр дагнан уран бүтээлээ туурвидаг сонин, сэтгүүлийн зурагчид, чөлөөт уран бүтээлчид болон шинэ залуу гэрэл зурагчдыг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд таниулах, баримтат гэрэл зургийг хөгжүүлэх зорилготой юм.



Баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сан, түүний гэр бүл энэ жилээс эхлэн шинэ залуу гэрэл зурагчдыг дэмжих зорилгоор РТВС зураглаачийн ангийн оюутан Э.Энхдолгион, MPA гэрэл зурагчин Г.Өнөболд, Үндэсний гэрэл зургийн танхимын зурагчин  Г.Мөнх-Од нарыг тодруулан Ц.Батзориг агсны ном, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

Түүнчлэн гэрэл зурагчин Б.Ганхүүг Монголын гэрэл зургийн холбооны нэрэмжит жуух бичиг, Монголын пресс гэрэл зурагчид альбомоор шагнаж урамшуулав. Мөн үзэсгэлэнгийн үеэр “Олны таашаалд нийцсэн зураг” шагналыг үзэсгэлэнд ирсэн үзэгчдэд өгсөн таван хошууны тоогоор шалгарууллаа. Хамгийн олон саналыг “Өдрийн сонин”-ы гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн “Сарнайн хүүхдүүд” бүтээлээрээ авч, шилдгээр шалгарав.

Тус үзэсгэлэн ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.
Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻