АНУ-ын хөгжмийн хамтлаг “Эгшиглэнт чимээ”-тэй хамтран тоглов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-04-28 17:03:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хаягдал эд зүйлээр хөгжимддөг АНУ-ын “Vocal Trash” хөгжмийн хамтлаг Монгол Улсад айлчилж, “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлагтай хамтарсан тоглолт хийлээ.

Энэхүү хамтарсан тоглолтыг дэлхий даяар дөрөвдүгээр сард тэмдэглэн өнгөрүүлдэг байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх “Эх дэлхийн өдөр” буюу “Earth Day”-д зориулан Монголын залуу, хойч үеийнхэнд эх дэлхийгээ хайрлан хамгаалах, байгаль орчноо цэвэр ариун байлгахын ач холбогдлыг таниулах зорилгоор зохион байгуулав.

АНУ-ын “Vocal Trash” хамтлаг нь Техас мужид анх 2001 онд байгуулагдаж, 2014 онд “Worth” сэтгүүлээс “Шилдэг хөгжмийн үзүүлбэр”-ийн шагналыг хүртэж байжээ. Тус хамтлаг нь дэлхий дахинд “Хаяхаасаа өмнө бод” гэсэн уриан дор хог хаягдлын эсрэг олон нийтэд эерэг нөлөөллийг үзүүлэх зорилгоор уран бүтээлээ туурвин толилуулдаг аж.

Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа өчигдөр болсон тус тоглолт Монголын үзэгчдэд ихэд таалагджээ.
 
Ж.Болор

相关新闻